Нүүр хуудасЭдийн засгийн хамтын ажиллагаатай холбогдсон мэдээлэл>2007 оны санхүүгийн жилд Япон улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй буцалтгүй тусламжийн “Өвсний үндэс” хөтөлбөрийн гэрээнд гарын үсэг зурах ёслол боллоо

2007 оны санхүүгийн жилд Япон улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй буцалтгүй тусламжийн “Өвсний үндэс” хөтөлбөрийн гэрээнд гарын үсэг зурах ёслол боллоо


8 дугаар сарын 16-ны өдөр, Монгол улсад суугаа Япон улсын Элчин сайдын Яаман дээр Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжихээр болсон 3 төслийн гэрээнд гарын үсэг зурлаа. Эдгээр төслүүд нь:
1. “Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 11 жилийн сургуулийн барилгын өргөтгөлийн төсөл”
2. “Завхан аймгийн Тэлмэн сумын 11 жилийн сургуулийн засварын төсөл”
3.“Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр цэцэрлэгийн барилгын өргөтгөлийн төсөл” болно.

“Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжихээр болж байгаа эдгээр төслүүд бүгд боловсролын салбарыг дэмжих төсөл болно. Япон улс нь өнөөг хүртэл Ерөнхий буцалтгүй тусламжийн хүрээнд “Ерөнхий боловсролын сургуулийн барилга барих төсөл”-ийг хэрэгжүүлснээр хот суурин газрын тулгамдсан асуудал болж буй сургуулиудын анги танхимын хүрэлцээгүй байдлыг арилгахад дэмжин туслаж ирэхийн зэрэгцээ “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд хөдөө орон нутгийн боловсролын орчинг сайжруулахад анхаарч ирлээ. Мөн техникийн буцалтгүй тусламжаар “Хүүхдийн хөгжил боловсролыг дэмжих заах арга барилыг сайжруулах төсөл” хэрэгжүүлэх болон сайн дурын ажилтныг томилон ажиллуулах замаар Монгол улсын боловсролын салбарын үйл ажиллагааг сайжруулахад ч мөн адил анхаарч байгаа билээ. Энэ нь Монгол улсын ирээдүйг авч явах иргэнийг бэлтгэх нь Монгол улсын хөгжлийн үндэс мөн бөгөөд хоёр улсын хоорондын харилцааг хөгжүүлэх түлхүүр болно гэсэн санаанаас үүдэлтэй юм.

Эдгээр 3 төсөл амжилттай хэрэгжсэнээр Монгол улсын боловсролын үндсэн салбарыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах болно гэдэгт найдаж байна.