2007 онд хэрэгжих "Ерөнхий боловсролын сургуулийн барилга барих 3 дахь шатны төсөл 4/4", "Улаанбаатар хотын хатуу хог хаягдалын менежментийг сайжруулах төсөл", "Монгол улсын байгалийн түүхийн музейн үзмэрийн болон дуу, дүрс бичлэгийн техник хэрэгслийг сайжруулах төсөл"-ийн нот бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа

Тусламжын хэмжээ нь "Ерөнхий боловсролын сургуулийн барилга барих 3 дахь шатны төсөл"-ийнх 500 сая иен, "Улаанбаатар хотын хатуу хог хаягдалын менежментийг сайжруулах төсөл"-ийнх 1 тэрбум иен, "Монгол улсын байгалийн түүхийн музейн үзмэрийн болон дуу, дүрс бичлэгийн техник хэрэгслийг сайжруулах төсөл"-ийнх 40 сая иен, нийтдээ 1.54 тэрбум иен юм.
1. "Ерөнхий боловсролын сургуулийн барилга барих 3 дахь шатны төсөл"
Нийслэл Улаанбаатар хотод сүүлийн жилүүдэд хөдөө орон нутгаас шилжин ирэгсдийн тоо эрс нэмэгдсэнээр сургуулийн анги танхимийн хүрэлцээ муу байна. Түүнчлэн Монгол улсад одоо ерөнхий боловсролын 12 жилийн тогтолцоотой болох бэлтгэл ажил ид явагдаж байгаагаас анги танхимийн хүрэлцээний дутмаг байдал улам даамжирах нь тулгамдсан асуудлын нэг болоод байна. Хичээлийн анги танхимийн хүрэлцээ муу байгаа хот суурин газарт нэг өдрийн хичээлийг гурван ээлжээр явуулахаас өөр аргагүй байдалд байгаа гэх зэрэг хичээллэх байрны хүрэлцээний асуудал нь хүүхдүүдийн сурч боловсрох орчин нөхцөлд сөргөөр нөлөөлж байна. Энэ удаа гарын үсэг зурсан "Ерөнхий боловсролын сургуулийн барилга барих 3 дахь шатны төсөл"-ийн дөрөвдүгээр үе хэрэгжсэнээр шинээр 3 сургууль, 28 анги танхим баригдах төлөвлөгөөтэй байгаа ба ингэснээр Улаанбаатар хотын сургуулиудын анги танхимийн хүрэлцээ сайжирч, Монгол орны ирээдүйг авч явах хүүхэд багачуудын сурч боловсрох орчин нөхцөл дээшилнэ гэж үзэж байна.
2. "Улаанбаатар хотын хатуу хог хаягдалын менежментийг сайжруулах төсөл"
Тус хот дахь хог хаягдалын хэмжээ өнгөрсөн нэг жилд 151 мянган тонн, түүнээс 60 мянган тонн хог нь ачигдаж цэвэрлэгдээгүй орчин тойрноо бохирдуулсаар байна. Энэ байдал үргэлжилбэл 2020 он гэхэд, 1.14 сая тонн(2.86 сая метр куб)их хэмжээний хог хаягдал хуримтлагдах учир Улаанбаатар хотын хувьд хогны асуудал маш тулгамдсан асуудлын нэг болоод байна. "Улаанбаатар хотын хатуу хог хаягдалын менежментийг сайжруулах төсөл" нь хотын баруун хойд хэсэгт орших Нарангийн энгэрт (өнөөдрийг хүртэл ашиглаж ирсэн Улаан чулуутын хогын цэгээс баруун хойш 1 км) дээрх асуудлыг шийдвэрлэхийн тулд байгаль орчинд харшлахгүй тохиромжтой хувилбараар хог хаягдалыг эцэслэн цэгцлэх зорилготой юм.
3. "Монгол улсын байгалийн түүхийн музейн үзмэрийн болон дуу, дүрс бичлэгийн техник хэрэгслийг сайжруулах төсөл"
Монгол улсын байгалийн түүхийн музей нь байгалийн түүх өөрөөр хэлбэл дэлхийн түүх, амьтан ургамлын түүх зэргийг илтгэсэн дэлхийн хэмжээний ховор үзмэрүүдтэй ба гадаад дотоодын олон хүмүүс үзэж сонирхохоор хүрэлцэн ирдэг. Ялангуяа, хүүхэд багачуудын хувьд, мөн тэдгээр хүүхдүүдийн эцэг эхчүүдийн хувьд ч дэлхий ертөнц болон амь амьдрал нь юугаар ч солишгүй үнэт зүйл гэдгийг таниж мэдэхэд энэхүү музей нь чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ удаагийн "Монгол улсын байгалийн түүхийн музейн үзмэрийн болон дуу, дүрс бичлэгийн техник хэрэгслийг сайжруулах төсөл"-ийн хүрээнд техник хэрэгсэл нийлүүлснээр ховор сонин үзмэрүүдийг хадгалан хамгаалах чадвар дээшилж, үзмэрүүдийн агуулга улам сайжирч, улмаар байгалийн түүхийн судалгаа, сургалтын хөгжилтөнд илүү их хувь нэмэр оруулна гэж найдаж байна.