Нүүр хуудасЭдийн засгийн хамтын ажиллагаатай холбогдсон мэдээлэл>"Ерөнхий боловсролын сургуулийн барилга барих 3 дахь шатны төсөл"-ийн
шинэ хичээлийн байр хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа

"Ерөнхий боловсролын сургуулийн барилга барих 3 дахь шатны төсөл"-ийн
шинэ хичээлийн байр хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа


   3 сарын 23-ны өдөр, Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн "ЕБС-ийн барилга барих 3 дахь шатны төсөл"-ийн хүрээнд шинэ хичээлийн байрыг барьж дуусган ашиглалтад хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаанд Элчин сайд Я.Ичихаши, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч ноён Ц.Батбаяр болон УИХ-ын гишүүн Л.Гантөмөр нар оролцлоо. "ЕБС-ийн барилга барих 3 дахь шатны төсөл"-өөр өнгөрсөн жилийн үргэлжлэл болгон Улаанбаатар хотод шинэ хичээлийн байр барих замаар хичээлийн танхим дутагдаж буй байдлыг багасгахад тусламж үзүүлж байгаа юм.

   Сүүлийн жилүүдэд нийслэл Улаанбаатар хот руу чиглэсэн хүн амын урсгал хөдөлгөөн үргэлжлэн нэмэгдсэний улмаас хот суурин газруудад хичээлийн танхим дутагдах асуудал хурцаар тавигдаж ирсэн билээ. Мөн эдүгээ Монгол Улсын хэмжээнд 12 жилийн боловсролын тогтолцоонд шилжих бэлтгэл ажлууд хийгдэж байгаа бөгөөд хичээлийн танхим хүрэлцэхгүй байдал улам ихсэх хандлага сэтгэл зовоосоор байна. Хот суурин газрын зарим сургуулиуд өдөрт 3 ээлжээр хичээллэхээс өөр аргагүйд хүрч байгаа зэргээр хичээлийн байр, танхим дутагдаж буй явдал нь хүүхэд сурагчдын сурч боловсрох орчин нөхцөлд ихээхэн сөрөг нөлөө үзүүлж байна. 2006 оноос "ЕБС-ийн барилга барих 3 дахь шатны төсөл"-өөр Улаанбаатар хотын 71, 39, 68, 87, 97-р сургууль зэрэг 5 сургуульд нийт 54 танхим бүхий хичээлийн байрыг шинээр барих ажлыг эхлүүлсэн юм. Үүний үр днд Улаанбаатар хотод хичээлийн анги танхим хүрэлцэхгүй байдлыг бууруулан, Монгол орны ирээдүйг бүтээлцэх хүүхэд багачуудын сурч боловсрох орчин нөхцлийг сайжруулахад хувь нэмэр орууллаа.

   Япон Улс 1999 оноос хойш "ЕБС-ийн барилга барих төсөл"-ийг 3 үе шаттайгаар хэрэгжүүлж ирсэн бөгөөд Улаанбаатар хот болон Дархан-Уул, Орхон аймгуудад Ерөнхий боловсролын сургуулиудад шинэ хичээлийн байр барихад тусламж үзүүлж ирсэн билээ. Саяхан Дархан-Уул, Орхон аймгуудад "ЕБС-ийн барилга барих 2 дахь шатны төсөл"-өөр барьж байгуулсан шинэ хичээлийн байрыг ашиглалтад хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа зохион байгуулагдсан. Ирэх жил ч манай улс "ЕБС-ийн барилга барих 3 дахь шатны төсөл"-өөр дамжуулан Улаанбаатар хотод хичээлийн анги танхим дутагдаж буй байдлыг багасгахад тусламж үзүүлэх болно.

   Ирээдүй хойчийг бүтээн байгуулах хүүхэд багачуудын боловсрол нь улс орны хөгжилд туйлын чухал асуудал юм. Япон Улсын Засгийн газар "Монгол Улсад үзүүлэх тусламжийн хөтөлбөр"-төө "Зах зээлийн эдийн засгийн тогтолцоог сайжруулах, боловсон хүчин бэлтгэхэд үзүүлэх тусламж"-ийг 4 үндсэн чиглэлийнхээ нэг болгон тодорхойлсон бөгөөд цаашид ч боловсролын орчныг сайжруулах зэргээр Монгол орны боловсролын салбарыг хөгжүүлэхэд идэвхтэй дэмжлэг туслалцаа үзүүлэх болно.