Нүүр хуудасЭдийн засгийн хамтын ажиллагаатай холбогдсон мэдээлэл>Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн “Өвсний үндэс” хөтөлбөр болон “Соёлын Өвсний үндэс” буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжих төслүүдийн гарын үсэг зурах ёслол

Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн “Өвсний үндэс” хөтөлбөр болон “Соёлын Өвсний үндэс” буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжих төслүүдийн гарын үсэг зурах ёслол


12 сарын 21-ний өдөр, 2006 оны Япон улсын Засгийн газрын Монгол улсад үзүүлж буй буцалтгүй тусламжийн “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд “Өмнөговь аймгийн Хүрмэн сумын 9 жилийн сургуулийн өргөтгөлийн болон засварын төсөл”, “Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 11 жилийн 35 дугаар сургуулийн засварын төсөл” мөн “Соёлын Өвсний үндэс” буцалтгүй тусламжаар хэрэгжих “Хэнтий аймаг дахь Аврагын балгасын хамгаалалтын хашаа барих төсөл” –ийн тусламжийн гэрээнд гарын үсэг зурах ёслол боллоо.

Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн “Өвсний үндэс” хөтөлбөр нь жил болгон голчилон боловсролын салбарт тусламж үзүүлсээр ирсэн. Энэ удаад ч Өмнөговь аймгийн Хүрмэн сумын болон Улаанбаатар хотын сургуульд засвар, өргөтгөлийн ажил хийхээр боллоо. Улаанбаатар хотын хүн ам улам бүр өсөн нэмэгдэж байгаа нь хэн бүгдэд тодорхой билээ. Мөн Хүрмэн сумын хувьд ч гэсэн аймгийн төвдөө ойр, дэд бүтэц харьцангуй хөгжиж байгаа зэргээс цаашид хүн амын тоо нэмэгдэх хандлагатай байгаа. Хүүхэд бол эх орныхоо ирээдүйг авч явах эрдэнэ билээ. Энэ хүүхдүүдийнхээ сурч боловсрох орчинг сайжруулна гэдэг маш чухал зүйл юм. Энэ ч утгаараа өнөөдөр сурагчдын тоо нэмэгдэн сургалтын орчноо сайжруулах шаардлагатай болоод байгаа 2 сургуульд сургуулийн байрны засвар, өргөтгөлийн хөрөнгийг санхүүжүүүлэхээр боллоо.

Мөн “Соёлын өвсний үндэс” буцалтгүй тусламжийн хүрээнд хамгаалалтын хашаа барихаар болсон Аврагын балгас нь Чингис хаан болон Өгөөдэй хааны их орд байгаад дараа нь их хаадын тахилын газар болгон ашиглаж байсныг Япон - Монголын хамтарсан эрдэмтдийн судалгаагаар тодорхойлсон байна. Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн жилд дэлхий нийтийн чухал өв болох Чингис хааны балгасыг хамгаалах ажилд хувь нэмрээ оруулж байгаагаараа энэхүү төсөл нь манай хоёр орны соёлын салбар дахь хамтын ажиллагааны хувьд цагаа олсон ач холбогдолтой зүйл боллоо.

Эдгээр 3 төслийг хэрэгжүүлснээр Монгол Японы ард түмний харилцан ойлголцол улам гүнзгийрэхэд гүүр болно гэдэгт найдаж байна.

Төслүүдийн танилцуулга

“Өмнөговь аймгийн Хүрмэн сумын 9 жилийн сургуулийн өргөтгөл болон засварын төсөл”

Төслийн нийт дүн: 68,564 ам. доллар
Төслийн агуулга: 9 жилийн сургуулийн өргөтгөл, засварын ажил
Сургуулийн танилцуулга: Сурагчийн тоо 357, багш ажилчдын тоо 32

“Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 11 жилийн 35 дугаар сургуулийн засварын төсөл”

Төслийн нийт дүн: 85,759 ам. доллар
Төслийн агуулга: 11 жилийн сургуулийн засвар
Сургуулийн танилцуулга: Сурагчийн тоо 1,752, багш ажилчдын тоо 58

“Хэнтий аймаг дахь Аврагын балгасын хамгаалалтын хашаа барих төсөл”

Төслийн нийт дүн: 67,984 ам. доллар
Төслийн агуулга: Аврагын балгасыг хамгаалахын тулд хамгаалалтын хашаа барих
Хүлээн авагчийн тухайд: Хэнтий аймаг нь нийтдээ 83 мянган квадрат нутаг дэвсгэртэй, 17 сумтай, мал аж ахуй, газар тариаланг голлон эрхэлдэг. Чингис хааны төрсөн нутаг болох Дадал сум зэрэг Монголын тулгар төр байгуулагдахаас өмнөх болон хойших түүхэн үйл явдлуудын тайз болж байсан газар нутагт олон тооны түүхийн олдвор, соёлын өв үлдсэн байдаг. (T)