Нүүр хуудасЭдийн засгийн хамтын ажиллагаатай холбогдсон мэдээлэл>“Нэг суурин - Нэг бүтээгдэхүүн хөдөлгөөн”-ий Үндэсний зөвлөгөөн болов

“Нэг суурин - Нэг бүтээгдэхүүн хөдөлгөөн”-ий Үндэсний зөвлөгөөн болов


16-ний өдөр /Бямба гараг/, Шадар сайд М. Энхсайхан болон НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн Шадар суурин төлөөлөгч Ш. Нода нараар ахлуулсан Монголын Засгийн газар болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Нэг суурин - Нэг бүтээгдэхүүн хөдөлгөөн”-ий Үндэсний зөвлөгөөн зохион байгуулагдаж Элчин сайд Я. Ичихаши оролцлоо. Тус Зөвлөгөөн нь Монгол Улс дахь “Нэг суурин – Нэг бүтээгдэхүүн хөдөлгөөн”-ийг улам өргөжүүлэн дэлгэрүүлэхийн төлөө зохион байгуулагдсан ба Монгол улсын бүс нутгийн төлөөлөгчид өнөөг хүртэл хийсэн ажлаасаа тайлагнаж, мөн цаашдын хөгжлийн төлөв болон тулгарч буй асуудлуудын талаар саналаа солилцлоо.

“Нэг суурин – Нэг бүтээгдэхүүн хөдөлгөөн” 1980-аад оны үед Япон улсын Ооита мужид анхлан өрнөж, дараа нь Азийн 20 гаруй оронд түгсэн хөдөлгөөн юм. Монголд 2001 оноос Японы Ооита муж болон Баянхонгор аймаг хамтран үйл ажиллагаагаа эхэлсэн. Японы Засгийн газар Монгол дахь “Нэг суурин – Нэг бүтээгдэхүүн хөдөлгөөн”-ийг дэмжихийн тулд “Японы Олон улсын Хамтын ажиллагааны Байгууллага /JICA/”-аар дамжуулан техникийн хамтын ажиллагаа явуулж ирсэн ба энэ жилээс НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрөөс явуулж буй “Нэг суурин – Нэг бүтээгдэхүүн хөдөлгөөн”-д Япон сангаар дамжуулан санхүүгийн тусламж үзүүлж байна.

Азийн ихэнх орнуудад эдийн засаг хөгжихийн хирээр хотын хүн амын төвлөрөл нэмэгдэн, зах зээлийн хүрээ багатай хөдөө орон нутгаас залуучууд шилжин суурьшиж байгаа нь хот хөдөөгийн ялгааг ихэсгэх нэг том асуудал болон гарч ирж байна. Монголын хувьд ч мөн адил нөхцөл байдалтай байгаа. “Нэг суурин – Нэг бүтээгдэхүүн хөдөлгөөн” нь шинэ бүтээгдэхүүн гаргах, түүний борлуулалтыг нэмэгдүүлснээр хөдөө орон нутгийн эдийн засгийг сэргээн хөгжүүлэхийг зорилго болгодог ба энэхүү хөдөлгөөнөөр дээрх асуудлуудыг шийдвэрлэн, улмаар Монголын тогтвортой тэнцэл бүхий хөгжилд хүргэнэ гэдэгт найдаж байна. (Т)



JICA цахим хуудас: http://jica.go.jp/partner/kusanone/country/mongolia.html

UNDP цахим хуудас: http://www.enterprisemongolia.mn