Нүүр хуудасЭдийн засгийн хамтын ажиллагаатай холбогдсон мэдээлэл>2006 оны "Төслийн бус буцалтгүй тусламж" болон "Хүнсний буцалтгүй тусламж"-ийн нот бичигт гарын үсэг зурлаа

2006 оны "Төслийн бус буцалтгүй тусламж" болон "Хүнсний буцалтгүй тусламж"-ийн нот бичигт гарын үсэг зурлаа


   11 дүгээр сарын 23-ны 11:00 цагаас "Төслийн бус буцалтгүй тусламж" ба "Хүнсний буцалтгүй тусламж"-ийн нот бичигт Монгол Улсын Гадаад хэргийн сайд Н.Энхболд болон Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Я.Ичихаши нар гарын үсэг зурлаа. Тусламжийн дээд хэмжээ нь "Төслийн бус буцалтгүй тусламж"-ийнх 800 сая иен, "Хүнсний буцалтгүй тусламж"-ийнх 200 сая иен юм.

   "Төслийн бус буцалтгүй тусламж"-ийг Монгол Улсын санхүүгийн болон гадаад худалдааны орлого зарлагын бүтцийг сайжруулах зорилгоор Монголд шаардлагатай бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийг гадаадаас худалдан авах хөрөнгө болгон олгодог бөгөөд худалдан авсан бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийг дотооддоо худалдан борлуулж, борлуулалтын орлогоо "Хуримтлалын орлогын сан"-д төвлөрүүлнэ. Энэ удаагийн "Хуримтлалын орлогын сан"-гийн хөрөнгийг Боловсролын болон Эрчим хүчний салбарт зориулан ашиглах юм.

   Түүнчлэн "Хүнсний буцалтгүй тусламж"-ийг Монгол орны дотоодын хүнсний хангамжийг сайжруулах зорилгоор хэрэгжүүлдэг бөгөөд энэ удаагийн хүнсний тусламж нь 15 дахь удаагийн тусламж юм. Худалдан авсан буудайг "Төслийн бус буцалтгүй тусламж"-ийн нэгэн адил Монголын Засгийн газар дотооддоо худалдан борлуулж, үүнээс олсон "Хуримтлалын орлогын сан"-гийн хөрөнгийг Хөдөө аж ахуйн салбар зэрэг нийгэм эдийн засгийг хөгжүүлэх төсөл хөтөлбөрт зориулан ашиглахаар төлөвлөөд байна. (О)