Нүүр хуудасЭдийн засгийн хамтын ажиллагаатай холбогдсон мэдээлэл>Элчин сайд Я.Ичихаши Дархан, Эрдэнэт хотуудтай танилцлаа

Элчин сайд Я.Ичихаши Дархан, Эрдэнэт хотуудтай танилцлаа


"Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр"
"Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр"-ийн дэд захирлын тайлбарыг сонсож буй Элчин сайд Я.Ичихаши
"Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр". Түүхий эд нь хаягдал төмөр.
   9 дүгээр сарын 22-23-ны өдрүүдэд Элчин сайд Я.Ичихаши Монгол Улсын хойд бүсийн гол хот болох Дархан, Эрдэнэтээр зочилж, Япон Улсаас Монгол Улсад хэрэгжүүлж буй Эдийн засгийн хамтын ажиллагааны төсөл хөтөлбөрүүдтэй танилцаж, тус хотуудад ажиллаж амьдарч буй Японы сайн дурын гишүүдтэй уулзан санал бодлоо солилцлоо.

   Эрдэнэт хот Монгол Улсдаа хамгийн том бөгөөд хэмжээгээрээ дэлхийд 26-д ордог зэс молибдений уулын баяжуулах үйлдвэрийг өөртөө багтаасан нийт 81 мянган хүн ам бүхий аж үйлдвэрийн хот бөгөөд оршин суугчдын дийлэнх олонхи нь Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэртэй ямар нэг байдлаар холбогдож байдаг. Сүүлийн үед дэлхийн зах зээл дэх зэсийн үнэ огцом өсөж байгаатай холбоотойгоор Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийн удирдлага үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа бөгөөд энэхүү таатай нөхцөл байдлын нөлөөгөөр Эрдэнэт хотод ойр орчмын бүс нутгуудаас хүн ам олноор шилжин ирж суурьших болсноор эдүгээ Дархан хотыг ардаа орхин Монголдоо 2-рт орох том хот болон өргөжиж байгаа гэнэ.

   75 мянган хүн амтай Дархан хот нь Дархан-Уул аймгийн цөм болох сум бөгөөд соёл боловсролт хот болон хөгжих зорилт тавин ажиллаж байна. Дархан-Уул аймагт 3 сум харъяалагдах бөгөөд тус бүр онцлог шинжийг агуулсан хөгжлийг зорьж байна.

   Айлчлалынхаа үеэр Элчин сайд Я.Ичихаши, Япон Улсын Засгийн газрын Ерөнхий буцалтгүй тусламжаар тоног төхөөрөмж нийлүүлсэн “Дархан Мах-Экспо” ХК болон Японы хуучин “Экзим” банкны тусламж хэрэгжсэн “Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр”, Монголын эдийн засгийн гол ачааг үүрдэг “Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр”, зэс цувимал болон зэс хавтан зэрэг хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулдаг “Эрдмин” ХХК зэрэг үйлдвэр аж ахуйн нэгжүүдээр зочилсноос гадна Дархан, Эрдэнэт хотуудад ажиллаж амьдарч буй Японы ахмад болон залуу сайн дурын гишүүдтэй санал бодлоо солилцсон юм.