2005 оны “Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн өргөтгөлийн төсөл”-ийн нээлтийн ажиллагаа


Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг нь сүүлийн жилүүдэд шилжин суурьшигчдын тоо их хэмжээгээр өсөж байгаа дүүрэг билээ. Үүнтэй холбоотойгоор эмнэлэгт хандах өвчтний тоо ч мөн адил өсөж байгаагаас тус эмнэлгийн ачаалал хэтэрч, ялангуяа шинжилгээ оношилгооны үйлчилгээний ачаалал ихэссэн нь амбулаторийн үзлэгт нөлөөлж байсан юм.
Энэхүү байдлыг сайжруулахын тулд “Өвсний үндэс” хөтөлбөрийн тусламжаар эмнэлгийн барилгыг өргөтгөж, шинжилгээ оношилгооны өрөөний тоог нэмэгдүүлэхийн зэрэгцээ түргэн тусламжийн машиныг байрлуулах газар доорх гаражийг барьсан билээ. Мөн өмнө нь “Өвсний үндэс” хөтөлбөрийн нэг хэлбэр болох “Дахин ашиглах төсөл”-ийн хүрээнд Япон улсын Хёого мужийн Ашияа хотоос хандивласан ашиглагдаж байсан түргэн тусламжийн машины тээврийн зардлыг санхүүжүүлсэн юм.
Энэхүү Японы засгийн газрын тусламжаас эхлэлтэйгээр Улаанбаатар хотын ЗДТГ зэрэг холбогдох байгууллагуудаас эмнэлгийн тоног төхөөрөмж хандивлах үйл ажиллагаа өрнөсөн юм. Энэ нь Япон улсын Засгийн газар, Ашияа хот, Улаанбаатар хотын ЗДТГ, Баянзүрх дүүрэг, Дэлхийн зөн зэрэг олон газрын туслалцаатайгаар хэрэгжсэн харилцан уялдаа бүхий тусламжийн нэгэн жишээ болж байгаа юм.