“Нагоягийн Их Сургуулийн Японы эрх зүйн боловсрол, судалгааны төв”-ийн нээлтийн ажиллагаа

Нагоягийн Их Сургууль нь нилээд хэдэн жилийн өмнөөс Монгол Улсын хууль эрх зүйн тогтолцоог бүрдүүлэхэд тууштай дэмжлэг туслалцаа үзүүлэн, хамтран ажиллаж ирсэн бөгөөд тэдний үйл ажиллагааг Монголын тал өндрөөр үнэлж ирсэн билээ. “Нагоягийн Их Сургуулийн Японы эрх зүйн боловсрол, судалгааны төв”-д “Японы эрх зүйн анги”-ийг хичээллүүлэхээр болсон бөгөөд уг “Японы эрх зүйн анги” нь эхний 2 жилд Япон хэлний боловсролд голлон анхаарч, 3 дахь жилээсээ Япон хэл дээр бүрэн хэмжээний эрх зүйн боловсролын хичээлийг зааж сургаснаар Японы хууль эрх зүйн тогтолцооны талаар гүн гүнзгий ойлголт бүхий боловсон хүчнийг бэлтгэхээр зорьж байгаа юм. “Эх газрын орнуудын хууль” ба “Англи, Америкийн хууль”-ийг гарын авлага болгон ашиглаж, өөрийн гэсэн хууль эрх зүйн тогтолцоог буй болгосон Япон орны туршлага Монгол орны төрөө шинээр цогцлуулахад нь зайлшгүй шаардлагатай хууль эрх зүйн тогтолцоог бүрдүүлэх явдалд хувь нэмрээ үзүүлнэ гэдэгт бат итгэж байна. “Японы эрх зүйн анги”-ийг хичээллүүлэхэд Японы Боловсрол, Шинжлэх ухааны яамны тусгай боловсрол, судалгааны төсөв томоохон хувь нэмэр оруулж байгаа бөгөөд энэ удаагийн хамтын ажиллагаа нь хоёр орны хамтын ажиллагааны шинэ талбарыг нээж өгөх ач холбогдолтой зүйл боллоо.
Япон Улс 2004 онд баталсан “Монгол Улсад үзүүлэх тусламжийн хөтөлбөр”-төө “Зах зээлийн эдийн засгийн тогтолцоог бүрдүүлэх, боловсон хүчин бэлтгэхэд үзүүлэх тусламж”-ийг 4-н үндсэн чиглэлийнхээ нэг болгон тодорхойлсон билээ. Ялангуяа шүүхийн тогтолцоо, түүнийг хэрэгжүүлэх хуульч, өмгөөлөгчдийг сургаж бэлтгэх явдал ихээхэн чухал бөгөөд “ODA” буюу манай улсын Засгийн газрын “Хөгжлийн албан ёсны тусламж”-ийн хүрээнд урт хугацааны мэргэжилтнийг Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яаманд томилон ажиллуулахын зэрэгцээ гадаад оюутан сургах буцалтгүй тусламжийн шугамаар ч хууль эрх зүйн салбарын хүний нөөцийг хөгжүүлэхэд туслалцаа үзүүлж ирсэн. Гадаад оюутан сургах буцалтгүй тусламж 2001 оноос эхэлсэн бөгөөд тэр цагаас эхлэн Нагоягийн Их Сургуулийн аспирантурт жил бүр Монголоос хуулийн ангийн оюутнуудыг хүлээн авч сургаж байгаа юм. “Нагоягийн Их Сургуулийн Японы эрх зүйн боловсрол, судалгааны төв”-ийн үйл ажиллагаа нь Япон Улсын Засгийн газрын “Хөгжлийн албан ёсны тусламж”-тай нэгэн адилаар үр дүнгээ өгнө гэдэгт итгэж байна.