“Зүүн бүсийн гол авто зам барих болон зам барилгын тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл” Нот бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа

Зүүн бүсийн гол авто зам нь Монгол орны зүүн бүс дэх Эрдэнэ сумаас Өндөрхаан хотыг холбосон нийт 260 км-ийн урт бүхий зам бөгөөд энэ замын зарим хэсэгт зам барих болон засварлах, гүүр барих ажлуудыг Япон Улсын тусламжаар хийж гүйцэтгэнэ. Зүүн бүсийн гол авто замыг барьж дуусгавал, Улаанбаатараас Өндөрхаан хүртэлх ойролцоогоор 350 км урттай зам хатуу хучилттай болох бөгөөд нийслэлээс зүүн аймгуудыг чиглэн зорчих хөдөлгөөн эрс сайжрах юм.
Монгол оронд зам тээврийн сүлжээ хараахан хөгжиж амжаагүй бүс нутаг олон байгаа бөгөөд энэ нь эдийн засгийн болон хөдөө орон нутгийн хөгжилд саад бэрхшээл учруулах шалтгаан нөхцөл болж байна. Мөн, зам харилцаа хөгжөөгүй бүс нутагт тээврийн хэрэгслүүд хөдөө талаар давхиж байгаа нь байгаль орчинд таагүй нөлөө үзүүлж байна. 2000 онд Япон Улсын тусламжаар хэрэгжүүлсэн замын зарим хэсэгт “Зүүн бүсийн гол авто зам барих төслийн судалгаа”-нд ч мөн уг замын хэсэгт авто зам барьснаар эдийн засгийн өндөр үр өгөөж өгөх боломжтой болохыг дурьдсан бөгөөд тус төсөл нь эдгээр асуудлыг шийдвэрлэхэд тус дэм болно гэдэгт итгэж байна.
Япон Улс “Монгол Улсад үзүүлэх тусламжийн хөтөлбөр”-төө “Эдийн засгийн үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн дэд бүтцийг буй болгоход үзүүлэх тусламж”-ийг тэргүүлэх салбарын нэг болгон тодорхойлж, цаашид ч Монгол Улсад зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэхэд чиглэсэн дэд бүтцийг бүрдүүлэхэд идэвхтэй дэмжлэг туслалцаа үзүүлэх болно.