Япон улсын эдийн засаг үйлдвэрийн яам болон Монгол улсын Үйлдвэр худалдааны яамны анхдугаар удаагийн зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулав
2006 оны 6 дугаар сарын 15-ны өдөр, Япон Улсын Эдийн засаг үйлдвэрийн яам болон Монгол Улсын Үйлдвэр худалдааны яамны анхдугаар удаагийн зөвлөлдөх уулзалтыг Улаанбаатар хотод зохион байгууллаа.
Энэхүү зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах тухай өнгөрсөн оны 5 дугаар сард Үйлдвэр худалдааны сайд С.Батболдын (тухайн үеийн сайд) Япон Улсад хийсэн айлчлалын үед тохиролцсон бөгөөд улмаар энэ оны 3 дугаар сард болсон хоёр орны засгийн газрын тэргүүн нарын уулзалтаар энэхүү зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах явдлыг дахин тохиролцсон билээ.Уг зөвлөлдөх уулзалтад Японы талаас, Эдийн засаг үйлдвэрийн яамны Гадаад худалдааны бодлогын газрын Зүүн хойд Азийн хэлтсийн дарга Танака болон Байгалийн баялаг эрчим хүчний агентлаг, JOGMEC, NEDO, JETRO, JICA, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны холбогдох албаны хүмүүс оролцов. Монголын талаас, Үйлдвэр худалдааны яамны Худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дарга В.Энхболд болон Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлаг, Ашигт малтмал газрын тосны хэрэг эрхлэх газар, Гадаад явдлын яам, Сангийн яам, Гаалийн ерөнхий газрын холбогдох албаны хүмүүс оролцлоо. Уг зөвлөлдөх уулзалтын эхэнд Үйлдвэр худалдааны яамны дэд сайд Х.Содбаатар оршилын илтгэлийг тавьснаас гадна Японы талын төлөөлөгчид Үйлдвэр худалдааны сайд Б.Жаргалсайхантай биечлэн уулзаж ярилцсан байна.
Хэлэлцсэн асуудлуудын товч агуулга:
1. Ашигт малтмалын салбарыг хөгжүүлэх
Японы пүүс компаниудын сонирхлыг зүй ёсоор татаж буй Өмнөговийн бүс нутаг дахь ашигт малтмал олборлох төслийг төв болгон, Монгол Улсын Засгийн газрын хөгжлийн үндсэн чиглэлийн талаар асууж сонирхохын зэрэгцээ цаашдын хөгжлийн асуудлуудаархи санал бодлоо солилцох уулзалт семинарыг зохион байгуулахаар тохиролцов.
Говийн зүүн бүс нутагт NEDO ба Монгол Улсын Засгийн газар хамтран нүүрсний хайгуулын ажлыг эхлүүлэх болсонтой холбогдуулан түүнийг амжилттай хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлэхээр тохиролцов.
2. Хоёр орны хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих
(1) JETRO-гоос үзүүлэх туслалцаа
Монголын талаас санал болгосон хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтыг өргөжүүлэхэд чиглэгдсэн хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай хүсэлтийн дагуу JETRO нь үзэсгэлэн, семинарийг зохион байгуулах болон бүс нутгийн харилцаа, холбоо харилцаа тогтоохтой холбогдсон үйл ажиллагааны талаар танилцуулахын зэрэгцээ экспортын чиг баримжаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг татах арга замын талаар зөвлөгөө өгч, JETRO болон Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлаг хоорондын цаашдын бодит хамтын ажиллагааг бэхжүүлэх боломжийн талаархи судалгаагаа эрчимжүүлэхээр тохиролцов.
(2) Монгол дахь Японы пүүс компаниудын санал бодлыг тусгасан хөрөнгө оруулалтын орчныг бүрдүүлэх
Монгол тал Японы пүүс компаниудын хөрөнгө оруулалтад томоохон найдвар тавьж байгаа тухайгаа илэрхийлсний хариуд Японы талаас хөрөнгө оруулалтын орчныг бүрдүүлэхийн чухлыг онцлон тэмдэглээд, Монгол дахь Японы пүүс компаниудын тогтолцоо, үйл ажиллагаагаа сайжруулах санал хүсэлтийг тогтмол хүлээн авч сонсох тогтолцоо бий болгохыг санал болгов.
(3) Хөгжлийн санаачилга
Хөгжлийн санаачилагын талаар тайлбар хийв. Хамтын ажиллагааны төслийн жишээ болгож, Монгол Улс дахь “Нэг суурин нэг бүтээгдэхүүн” хөдөлгөөнд үзүүлж буй “НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр”-ийн “Хүний нөөцийг хөгжүүлэх сан”-гийн шугамаар хөрөнгө санхүүгийн дэмжлэг, Япон Улс дахь “Нэг суурин нэг бүтээгдэхүүн” нисэх онгоцны буудлын үзэсгэлэнд жамц давс зэрэг Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг зохион байгуулж буй талаар тайлбарлав.
3. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд тусламж үзүүлэх
Энэ оны 3 сард олгохоор шийдвэрлэсэн иений хөнгөлөлттэй зээлийн төсөл болох “Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх болон байгаль орчныг хамгаалах 2 үе шаттай зээлийн төсөл”-ийг үр өгөөж, өндөр бүтээмжтэйгээр хэрэгжүүлэх тухай тохиролцов.
4. Боловсон хүчнийг бэлтгэхэд тусламж үзүүлэх
Монгол талаас жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, худалдааг хөхүүлэн дэмжих, худалдааны гэрээ хэлэлцээр байгуулах, уул уурхайн салбарын бодлого боловсруулах зэрэгт холбогдсон боловсон хүчнийг бэлтгэхэд туслалцаа үзүүлэхийг хүсэв. Хэрэв бодитой хүсэлт тавибал, Японы тал холбогдох байгууллагуудтай зөвшилцсөний үндсэн дээр дэмжлэг туслалцаа үзүүлэх боломжийг судлаж үзэх тухайгаа хариу илэрхийлэв.
Мөн, Азийн эдийн засгийн судалгааны төвийн үйл ажиллагаанд тулгуурласан Монгол Улсын зах зээлийн эдийн засагт шилжих бодлого боловсруулах, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэх талаар судалж байгаа тухай танилцуулав.
5. Гадаад худалдааны бодлогын талаар санал солилцох
(1) Зүүн Азийн эдийн засгийн нэгдмэл байдалд чиглэсэн Япон Улсын хандлага
Зүүн Азийн эдийн засгийн нэгдмэл байдлыг гүнзгийрүүлэх болон өргөжүүлэхэд чиглэсэн Япон Улсын байр суурийн (Зүүн Азийн EPA концепц, Зүүн Азийн OECD концепц) талаар танилцуулав. Монголын тал, ASEAN буюу “Зүүн өмнөд Азийн орнуудын нэгдсэн холбоо”-г гол цөм болгосон Зүүн Азийн талаархи Япон Улсын стратегийн талаар тодорхой ойлголттой байгаагаа илтгэсний зэрэгцээ ирээдүйд Япон Улс болон Монгол Улсын хооронд чөлөөт гадаад худалдааны хэлэлцээрийг байгуулах тухай хүсэлтээ илэрхийлэв.
(2) “Дэлхийн худалдааны байгууллага” болон “Дохагийн чуулга уулзалт”-д хамтран ажиллах
Монгол тал, “Дохагийн чуулга уулзалт”-ын худалдааны хэвийн ажиллагааг хангахад, урьдын адил Япон Улстай харилцах нягт хамтын ажиллагаа болон эх газрын хөгжиж буй орнуудад чиглэсэн хөнгөлөлттэй холбоотойгоор дэмжлэг туслалцаа үзүүлэхийг хүсэв. Японы талаас цаашид ч дэмжлэг үзүүлэн хамтарч ажиллахаа амлав.