Нүүр хуудасЭдийн засгийн хамтын ажиллагаатай холбогдсон мэдээлэл>Японы элчин сайд Ичихаши мэргэжлийн сумогийн барилдааныг Монголд шууд дамжуулан үзүүлэх нэвтрүүлгийн зочноор оролцов

Японы элчин сайд Ичихаши мэргэжлийн сумогийн барилдааныг Монголд шууд дамжуулан үзүүлэх нэвтрүүлгийн зочноор оролцов


5 дугаар сарын 21-ны бүтэн сайн өдөр, хоёулаа нэг унаатай оозэки Хакухо, сэкивакэ Миябияма нарын хэн нь түрүүлэх бол хэмээн догдлуулсан мэргэжлийн сумогийн сүүлчийн өдрийн барилдааныг TV9 телевизээр /Монголын арилжааны телевизүүдийн нэг/ шууд дамжуулан үзүүлсэн. Энэхүү нэвтрүүлэгт Японы элчин сайд ноён Ичихаши зочноор оролцлоо.

4 цагаас эхлэн бүтэн 2 цаг үргэлжилсэн барилдааны завсраар нэвтрүүлэгчтэй сумогийн тухай ярихаас гадна, өнөөг хүртэлх Монгол Японы харилцааны хөгжил, сайд өөрийнхөө тухай болон сумотой холбоотой дурсамжууд, Монголын талаарх сэтгэгдэл зэрэг өргөн хүрээний яриа өрнүүлсэн. Түүний нэг хэсгээс танилцуулья.


Нэвтрүүлэгч: Сайд та өөрийн хүүхэд байх үеийн Тайхо, Таканохана зэрэг хүчтэй бөхчүүдийн тухай, мөн 1964 оны Токиогийн Олимп таны сэтгэлд тод үлдсэн тухай ярьсан. Хакухогийн аав Мөнхбат гуай тэрхүү Токиогийн олимпод чөлөөт бөхөөр Монголыг төлөөлөн оролцож байсан удаатай. Гэтэл олон жилийн дараа түүний хүү Японы мэргэжлийн сумогийн дэвжээнд нэрээ гаргаж байгаа талаар ямар бодолтой байна вэ.

Сайд: Токиогийн олимпоос хойш 40 жил өнгөрчээ. Энэ хооронд Япон Монголын харилцаа их хөгжсөн. Хакухо шиг залуу хүмүүс Японд нэрд гарч байгаад маш их баяртай байна.

Нэвтрүүлэгч: Монгол Японы харилцааны цаашдын хөгжлийн талаар ярихгүй юу.

Сайд: Энэ жил “Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ой” болно. Мөн энэ жилийг “Япон дахь Монголын жил” болгож байгаатай холбогдуулан Японд Монгол орныг танилцуулах арга хэмжээнүүдийг төлөвлөж байгаа. Ирэх жил Япон Монголын дипломат харилцаа тогтсоны 35 жилийн ой ба энэ жилийг “Монгол дахь Японы жил” болгохоор шийдвэрлэсэн. Цаашид ч олон Японы жуулчид болон нөлөө бүхий хүмүүс Монголд ирэх байх. Иймд 2 орны харилцаа улам хөгжинө гэж бодож байна. Гэхдээ цаашид хувийн хэвшлийн хүрээн дэхь эдийн засгийн харилцаа, Японоос хөрөнгө оруулалт татах зэрэг салбарын харилцааг хөгжүүлэхэд анхааран ажиллана гэж бодож байгаа.

Нэвтрүүлэгч: Монгол Япон 2 орны оюутан солилцоо цаашид үргэлжлэх үү.

Сайд: Японд сурч байгаа Монгол оюутны тоо 1000 давсан байгаа. Боловсрол, хүний нөөцийг хөгжүүлэх нь маш чухал салбар байдаг. Цаашид ч энэ тал дээр хамтран ажиллана гэж бодож байгаа.

Нэвтрүүлэгч: Олон Монголчууд Япон улсад ажиллах сонирхолтой байдаг. Та энэ талаар ямар бодолтой байна вэ.

Сайд: Япон улс ажиллах хүчин хүлээж авдаггүй хэдий ч мэргэжил дээшлүүлэгчийг хүлээн авдаг. Монголын аль ч компанид ажиллаж байгаа хүн мэргэжлээрээ Японы ямар нэг компанид 2-оос 3 жил тодорхой хугацаагаар ажиллан, мэргэжлээ дээшлүүлээд нутагтаа буцаж ирэх боломжтой. Цаашид ч иймэрхүү мэргэжил дээшлүүлэгчийн сургалтыг өргөжүүлэх бодолтой байна.

Нэвтрүүлэгч: Эцэст нь телевиз үзэж байгаа Монголын ард түмэнд хандаж үг хэлнэ үү.

Сайд: Өнөөдөр цагийг маш зугаатай өнгөрөөлөө. Та бүхэнд баярлалаа. Цаашид Япон Монголын харилцааны хөгжлийн төлөө бүх тал дээр хичээн ажиллана гэж бодож байна.



Мэргэжлийн сумогийн нацүбашёгийн 14 дэхь өдрийн барилдаанд нэг нэг унаатай оозэки Хакухо, сэкивакэ Миябияма нар өрсөлдөгчдөө унагаснаар сүүлчийн шийдвэрлэх барилдаанд орохоор тунаж үлдсэн. Эцэст нь Хакухо Миябиямаг өвдөг шороодууллаа. Монголд Японы сумо маш алдартай хүн бүр сонирхон үздэг ба энэ өдөр ч гэсэн хотын энд тэнд телевиз тойрон хүмүүс багширч, Хакухог ялах тэр мөчид хөгжөөн дэмжигчид нэгэн зэрэг уухайллаа. Сумогийн спорт монголчуудад Япон орны тухай таниулан мэдүүлэхэд маш том үүрэг гүйцэтгэж байгаа билээ.