Нүүр хуудасЭдийн засгийн хамтын ажиллагаатай холбогдсон мэдээлэл>“Зүүн бүсийн гол автозам барих болон зам барилгын тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл”
Замын нээлтийн ажиллагаа болон тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа

“Зүүн бүсийн гол автозам барих болон зам барилгын тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл”
Замын нээлтийн ажиллагаа болон тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа


Япон улсын засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжих “Зүүн бүсийн гол автозам барих болон зам барилгын тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл”-ийн нээлтийн ажиллагаа болон тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа Япон улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд н.Ичихаши, Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд н. Цэнгэл болон бусад холбогдох хүмүүсийн бүрэлдэхүүнтэйгээр 2006 оны 4 сарын 21 өдрийн (Баасан) 14:00 цагт Багануурт болсон.

Зүүн бүсийн гол автозам нь Монголын зүүн бүс дэх Эрдэнэ сумаас Өндөрхаан хотыг холбосон нийт 260 км-ийн урт бүхий замын 6 хэсгээс бүрдэх бөгөөд, энэ удаад Японы тал Багануураас Хэрлэн хүртэлх ойролцоогоор 30 км-ийн урт бүхий зам барих ажлыг хариуцах юм. Уг замын хэсэгт хатуу хучилт тавих ажлыг гүйцэтгэж дуусгавал, Улаанбаатараас Өндөрхаан хүртэлх ойролцоогоор 350 км урттай зам хатуу хучилттай болох бөгөөд нийслэлээс зүүн бүс рүү чиглэсэн эдийн засгийн урсгал хөдөлгөөн эрс сайжрах юм.

Монгол оронд зам тээврийн сүлжээ хараахан хөгжиж амжаагүй бүс нутаг олон байгаа бөгөөд энэ нь эдийн засгийн болон хөдөө орон нутгийн хөгжилд саад бэрхшээл учруулах нэг шалтгаан болж байна. Мөн, зам харилцаа хөгжөөгүй бүс нутагт тээврийн хэрэгслүүд хөдөө талаар нааш цааш хөндлөн гулд давхилдах нь байгаль орчинд таагүй нөлөө үзүүлж байна. 2000 онд манай Улсын тусламжтайгаар хэрэгжсэн “Зүүн бүсийн гол автозам барих төслийн судалгаа”-нд ч мөн тухайн хэсэгт автозам барьснаар эдийн засгийн хувьд өндөр ач холбогдолтой болох тухай дурьдсан бөгөөд зүүн бүсийн гол автозамыг барих явдал нь эдгээр асуудлыг шийдвэрлэхэд тус дэм болно гэдэгт итгэж байна.

Түүнчлэн энэ удаад нийлүүлсэн зам барилгын тоног төхөөрөмжийг ашиглан хатуу ширүүн байгаль цаг уурын нөхцөлд ч замын арчилгаа, үйлчилгээг Монголын тал бие даан хариуцан хийх боломжтой болох юм.

Манай Улс өнөөг хүртэлх хугацаанд Улаанбаатар хотод автозам барих төслийн хүрээнд “Нарны зам”-ын засварласан зэргээр Монгол оронд зам тээврийн сүлжээг буй болгоход тусламж үзүүлж ирсэн бөгөөд цаашид ч Монгол Улс дахь зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэхэд чиглэсэн дэд бүтцийг буй болгоход идэвхитэй дэмжлэг туслалцаа үзүүлэх болно.