“Эрүүл мэндийн анхан шатны тусламжийн тогтвортой үйлчилгээ” төслийн тусламж хүлээлгэн өгөх ёслолын ажиллагааны тухай
4 сарын 28-ны өдөр, манай улсын “Хүний аюулгүй байдлыг хамгаалах сан”-гийн хөрөнгөөр НҮБ-ийн Хүүхдийн сангаас хэрэгжүүлж буй “Эрүүл мэндийн анхан шатны тусламжийн тогтвортой үйлчилгээ” төслийн хүрээнд зайлшгүй шаардлагатай эм бэлдмэлийг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагааг Монгол улсын ЭМЯ дээр зохион байгууллаа.
Япон улсын засгийн газар өнөөг хүртэл Монгол улсад Буцалтгүй тусламж, Техникийн хамтын ажиллагаа, Иенийн хөнгөлөлттөй зээлээр төрөл бүрийн тусламж дэмжлэг үзүүлж ирсэн билээ. Энэхүү хоёр талт тусламжаас гадна, Япон улсын Засгийн газар НҮБ-ийн Хүүхдийн сан болон Дэлхийн Банк, Азийн Хөгжлийн Банк зэрэг олон улсын байгууллагуудыг санхүүжүүлэх замаар тусламж дэмжлэг үзүүлдэг бөгөөд өнөөг хүртэл Монгол улсад нийлбэр дүнгээр 1 сая гаруй ам.долларын өртөг бүхий 80 гаруй төсөл хэрэгжүүлжээ. “Эрүүл мэндийн анхан шатны тусламжийн тогтвортой үйлчилгээ” төсөл ч дээрхи хэлбэрийн тусламжид хамаарах бөгөөд манай улс энэхүү төсөлд зориулан “Хүний аюулгүй байдлыг хамгаалах сан”-гаар дамжуулан 610 мянган долларын санхүүжилтыг НҮБ-ийн Хүүхдийн санд оруулан, хөрөнгө санхүүжилтын талын туслалцааг үзүүлж байна.
Энэ удаагийн төсөл нь, алслагдсан 64 суманд эм бэлдмэл ханган нийлүүлэх зорилготой бөгөөд 4 сарын 28-ны өдөр эм бэлдмэл дүүрэн ачсан 4 ачааны машин Увс, Баян-Өлгий, Баянхонгор болон Дорнод аймгийг зорин хөдөллөө. Нийлүүлсэн эм бэлдмэлийг худалдан борлуулсны орлогыг эргэлтийн санд төвлөрүүлэн, дахин эм бэлдмэл худалдан авахад зориулах юм.
Энэхүү төслийг цаг алдалгүй хэрэгжүүлж, орон нутгийн ард иргэдийн эрүүл мэндийн байдал сайжирна гэдэгт итгэж байна.