2013 оны санхүүгийн жилийн боловсон хүчнийг бэлтгэхэд үзүүлэх буцалтгүй тусламж
Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөрийн Нот бичигт гарын үсэг зурах ёслол
6-р сарын 28-ны өдөр Гадаад харилцааны яамнаа Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Шимизү Такэнори болон Монгол улсын Гадаад харилцааны сайд Л. Болд нар нийт 236 сая иений буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжих "Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр"-ийн Нот бичигт гарын үсэг зурлаа.
Энэ удаагийн "Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр"-өөр Монгол орны ирээдүйг авч явах 18 залуу төрийн албан хаагчийн Япон улсын их дээд сургуулиудад магистрантурт суралцах зардлыг санхүүжүүлэх юм. Уг төсөл хэрэгжиж эхэлсэн 2001 оноос хойш төслийн хүрээнд өнөөг хүртэл Монгол улсаас нийт 209 төрийн албан хаагч Япон улсад суралцаад байна.
Төгсөж ирсэн олон залуус өнөөдөр Монгол улсын төрийн яамд болон их дээд сургуулиуд, банк зэрэг олон салбарт амжилттай ажиллаж байна. Ёслолын үеэр Гадаад харилцааны сайд Л. Болд "Уг төсөл нь Япон улсын Засгийн газрын зүгээс зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэн хөгжиж буй орнуудад боловсон хүчин бэлтгэх тал дээр дэмжлэг үзүүлдэг, ихээхэн ач холбогдолтой төсөл юм.
Энэхүү ач холбогдолтой төслийг Монгол улсад хэрэгжүүлж буй Япон улсын Засгийн газарт чин сэтгэлийн талархал илэрхийлье" хэмээн үг хэлэв. Төслийн хүрээнд Японд суралцсан залуус цаашид салбар бүрт Монгол улсын хөгжлийн төлөө хувь нэмэр оруулахаас гадна Япон Монгол хоёр орны харилцан ойлголцлыг гүнзгийрүүлж, найрамдалт харилцааг улам бүр бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт найдаж байна.