2013 оны 5-р сарын 6
“Орчин үеийн Японы гэрэл зургийн үзэсгэлэн”-гийн
нээлтийн үйл ажиллагаа боллоо.
Өнөөдөр Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд “Орчин үеийн Японы гэрэл зургийн үзэсгэлэн”-гийн нээлтийн үйл ажиллагаа болж, Соёл, Спорт, Аялал жуулчлалын дэд сайд М.Түмэнжаргал, тус ЭСЯ-ны зөвлөх Ш.Хаяаши нар оролцлоо.
2007 оноос хойш Америк, Европ, Азийн улс орнуудаар тойрон аялж буй энэхүү Японы гэрэл зургийн үзэсгэлэнд 1970 оноос өнөөдрийг хүртэлх Японы байгаль, нийгмийн өөрчлөлтийг тусгасан 23 гэрэл зурагчдын нийт 76 бүтээл багтсан бөгөөд “Хувьсах нийгэм” ба “Хувьсах байгаль” гэсэн хоёр бүлгээс бүрдсэн юм. Эхний бүлэгт голчлон нийгмийн оршихуй болох хүн сэдэвтэй бүтээлүүд, дараагийн бүлэгт хот, бүс газар, байгалийн үзэсгэлэнг буулгасан бүтээлүүд багтана.
Японы эдийн засгийн өндөр хөгжлийн үеийн төгсгөлөөс зуун солигдох үе хүртэлх Японы нийгэм, соёлын өөрчлөлтийг олон өнцгөөс тусгаж, одоо үетэй хэрхэн нүүр тулан өөрчлөгдөж буйг харуулсан гэрэл зургуудаас бүтсэн энэхүү үзэсгэлэнгээр дамжуулан та бүхэн орчин үеийн Японы гэрэл зургийн мөн чанар, Японы соёлын мэдлэгээ баяжуулах боломжтой.
Та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирэхийг урьж байна.
Хэзээ: 2013.5.6 – 2013.6.2
Хаана: Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей
Үнэ төлбөргүй.
Зохион байгуулагч: Японы Элчин сайдын яам, Япон сан, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей
Ивээн тэтгэгч: “Туушин” ХХК