Нүүр хуудас>Виз >Эрүүл мэндийн үзлэг, эмчилгээний зорилгоор зорчих
“Эмчилгээ” ангиллын виз мэдүүлэх гадаадын иргэдийн анхааралд
1.“Эмчилгээ” ангиллын виз
“Эмчилгээ” ангиллын визийг Япон улсад эмчилгээ, шинжилгээ хийлгэх зорилгоор тус улсад зорчих гадаадын иргэд /эмнэлгийн бүрэн шинжилгээ/ болон дагалдан явах хүнд олгоно.
/1/ Хүлээн авах салбар
Эрүүл мэндийн байгууллагад үзүүлэх эмчилгээ төдийгүй эмнэлгийн бүрэн шинжилгээ-эрүүл мэндийн үзлэг, оношилгоо, халуун рашааны сувилал хүртэл өргөн хүрээг хамруулж болно.
- Хүлээн авах салбар гэдэгт Япон улсын эрүүл мэндийн байгууллагын заалтын дагуух эрүүл мэндийн бүхий л үйлчилгээ /эмнэлгийн бүрэн шинжилгээ, эрүүл мэндийн үзлэг, оношилгоо, шүдний эмчилгээ /90 хоног хүртэлх халуун рашаан сувилал зэрэг / хамаарна.
/2/ Олон удаагийн виз
Тухайн нөхцөл байдлаас шалтгаалан, эмчлүүлэгч гадаадын иргэнд олон удаа нэвтрэх виз олгоно.
- Харин олон удаагийн визийн нэг удаа зорчих хугацаа нь 90 хоногоос дээшгүй байна. Олон удаагийн виз хүсэх тохиолдолд, Японы эмчийн гаргасан “эмчилгээний захиалгын хуудас” авч ирэх шаардлагатай тул батлан даагч байгууллагаар дамжуулан авна уу.
/3/ Дагалдан явах хүн
Эмчилгээ, шинжилгээ хийлгэх гадаадын иргэнийг дагалдан явах хүн нь заавал гэр бүлийн хүн, төрөл садан байх шаардлагагүй.
- Дагалдан явах хүнд ч мөн шаардлагатай гэж үзвэл эмчлүүлэгчид олгосонтой адил виз олгоно. Дагалдан явах хүн нь өвчтөнийг харж хандах, асрах зорилгоор тус улсад зорчих ба ямар нэгэн ашиг олох зорилгоор үйл ажиллагаа явуулах, ажил хөдөлмөр эрхэлж болохгүй.
/4/ Визний хүчинтэй хугацаа
90 хоног. /Олон удаагийн визийн тухайд 1 буюу 3 жил/
- Эмчлүүлэгч гадаад иргэний биеийн байдлаас шалтгаалан хугацааг шийдвэрлэнэ.
/5/ Байх хугацаа
Байх хугацаа 90 хоног хүртэл. /Урт хугацаанд оршин суух зөвшөөрөлтэй бол 6 сар хүртэл хугацаатай байна./
- Төлөвлөж буй хугацаа 90 хоногоос хэтрэх тохиолдолд зарчмын хувьд эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх шаардлагатай болно. Энэ тохиолдолд эмчлүүлэгч гадаад иргэн нь өөрийн хэвтэж эмчлүүлэх эмнэлгийн ажилтан болон Япон улсад оршин суудаг төрөл саднаараа дамжуулан Хууль зүйн яамны харьяа Хилийн шалган нэвтрүүлэх албанаас “Оршин суух зөвшөөрөл /ОСЗ/ ” авах шаардлагатай.
2. Виз мэдүүлэх процедур
/1/ Японы эрүүл мэндийн байгууллагад эмчилгээ, шинжилгээ хийлгэх хүсэлтэй эмчлүүлэгч гадаадын иргэн нь доор дурдсан батлан даах байгууллага /эрүүл мэндийн зохицуулагч байгууллага, аялал жуулчлалын компани зэрэг)–ын жагсаалт дахь аль нэг байгууллага руу холбогдож, эмчилгээ, үзлэг оношилгоонд хамрагдах тухай хүсэлтээ гаргана.
/2/ Батлан даах байгууллагуудаар дамжуулан эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх байгууллагаа сонгон, батлан даах байгууллагаас, “Хүлээн авах эмнэлгийн бичиг” болон “ Батлан даах байгууллагын батлан даалтын бичиг” /шаардлагатай гэж үзвэл эмчилгээний төлөвлөгөө/ гаргуулан авна.
/3/ Монгол улс дахь Японы ЭСЯ-аар дамжуулан виз мэдүүлнэ.
Бүрдүүлэх материалууд нь: /Дагалдан явах хүний тухайд, дараах А, Б, В болон Д-д дурдсан материалуудыг бүрдүүлнэ/ Мөн эмчлүүлэгч гадаадын иргэн нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх зорилгоор 90 хоногоос дээш хугацаагаар Японд оршин суух болсон тохиолдолд, өөрийн хэвтэн эмчлүүлэх эмнэлгийн ажилтан болон Япон улсад оршин сууж буй төрөл саднаараа дамжуулан Хууль зүйн яамны харьяа Хилийн шалган нэвтрүүлэх албанаас ОСЗ авсны үндсэн дээр харъяа нутаг дэвсгэрийнхээ Японы ЭСЯ-аар дамжуулан виз мэдүүлнэ.
А. Гадаад паспорт
Б. Виз мэдүүлгийн хуудас
В. Цээж зураг
Г. “Хүлээн авах эмнэлгийн бичиг” болон “Батлан даах байгууллагын батлан даалтын бичиг”
Д. Ажлын газрын тодорхойлолт, Банкны дансны эцсийн үлдэгдлийн тодорхойлолт, дансны хуулга зэрэг
/Жич: Эмчлүүлэгч гадаад иргэний иргэншлээс хамааран бүрдүүлэх материалууд харилцан адилгүй тул бүрдүүлэх материалын талаар харъяа нутаг дэвсгэрийнхээ ЭСЯ болон Ерөнхий консулын газраас асууж тодруулна уу./
Е. Оршин суух зөвшөөрөл /зөвхөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх зорилгоор 90 хоногоос дээш хугацаагаар оршин суух тохиолдолд /
Ж. Эмчилгээний төлөвлөгөө /эмчлүүлэх зорилгоор олон удаа зорчих тохиолдолд /
Батлан даах байгууллага /Бүртгэлтэй эрүүл мэндийн зохицуулагч байгууллага/-ын жагсаалт /Англи хэл дээр/
Батлан даах байгууллага /Бүртгэлтэй аялал жуулчлалын компани/-ын жагсаалт /Англи хэл дээр/