Нүүр хуудас>Япон улсын гадаад бодлого>Хойт Солонгост хулгайлагдсан Япон иргэдийн асуудал

япон хэлээр


Хойд Солонгост хулгайлагдсан Япон иргэдийн асуудал


БНАСАУ олон жил Япон иргэдийг хулгайлсан гэдгээ няцааж ирсэн ч 2002 оны 9-р сарын 17-нд Пхеньян хотноо зохиогдсон Япон, Хойд Солонгосын дээд хэмжээний уулзалтын үеэр үүнийг анх удаагаа хүлээн зөвшөөрч уучлалт гуйсан бөгөөд энэ явдлыг таслан зогсооно хэмээн амалсан юм. Одоогийн байдлаар Японы 16 иргэн Хойд Солонгост хулгайлагдсаныг Японы Засгийн газар тогтоогоод байгаа бөгөөд тэдгээрийн тав нь 2002 оны 10-р сарын 15-нд буюу 24 жилийн дараа нутагтаа эргэн ирсэн юм. 2004 оны 5-р сарын 22-нд Пхеньян хотноо болсон Япон, Хойд Солонгосын дээд хэмжээний уулзалтын үр дүнд 2002 оны 10 сард нутаг буцсан таван хохирогчдын гэр бүлийг буцаасан юм. Мөн энэ үеэр бусад амьд эсэх нь тодорхойгүй иргэдийн талаар Хойд Солонгосын тал нэн даруй үнэнийг тогтоох нарийвчилсан судалгааг дахин хийхээ мэдэгдсэн боловч одоог хүртэл Хойд Солонгосын засгийн газраас хүлээн зөвшөөрөхүйц тайлбарыг хийгээгүй байна. Японы Засгийн газар амьд эсэх нь тодорхой бус хулгайлагдсан хохирогчид цөм амьд гэдэг байр сууринаас хандан Хойд Солонгосын талд тэдгээр хүмүүсийг нутагт нь даруй буцаах, үнэнийг тогтоох, хүн хулгайлах гэмт хэргийн эзнийг шилжүүлэн өгөхийг хатуу шаардаж байгаа бөгөөд Хойд Солонгосын тал хүлээн зөвшөөрөхүйц арга хэмжээ авахгүй бол манай талаас шийдвэртэй алхам хийхээ ил тод мэдэгдэж байх болно.

1.   Нөхцөл байдал

(1) 1970, 80-аад оны үед олон япон иргэд ер бусаар алга болж байсан юм. Японы Цагдаагийн газрын эрэн сурвалжилга болон Хойд Солонгосын улс төрийн цагаачдын мэдүүлснээр эдгээрийн олонхи нь Хойд Солонгост хулгайлагдсан гэх сэжиг улам лавширсан. 1991 оноос хойш Японы Засгийн газар боломж бүрийг ашиглан Хойд Солонгост хулгайлагдсан иргэдийнхээ асуудлыг тавьж ирсэн ч Хойд Солонгосын тал эрс үгүйсгэсээр байв.

(2) Хойд Солонгос урьд хожид байгаагүй төрийн шинж чанартай гэмт хэрэг үйлдэх болсон хэд хэдэн шалтгаантай гэж үздэг. Үүнд Хойд Солонгос өөрийн тагнуулчдыг япон хүн гэж харагдуулах зорилгоор уг хохирогчдоор хичээл заалгах мөн Хойд Солонгосын нууцалж буй “Ёдо го” хэмээх бүлгийнхэнд туслах чадвар бүхий боловсон хүчин олж авах зэрэг шалтгаантай байсан гэж үздэг. (“Ёдо го” бүлэг нь 1970 оны 3-р сарын 31-нд Японы JAL351 онгоц буюу “Ёдо го” онгоцыг булаан авсан япон гэмт хэрэгтнүүд ба тэдгээрийн гэр бүлийн нэр юм. Тэдний зарим нь Хойд Солонгост үлдсэн.)

2.  Олон улсын хамтын нийгэмлэгийн ойлголт болон Японы Засгийн газрын үндсэн байр суурь

(1) Хойд Солонгос япон хүн хулгайлсан нь хүний эрх, нэр төр болоод үндсэн эрх чөлөөнд илэрхий халдсан хэрэг юм. 2005 оны 12 сард НҮБ-ын Ерөнхий Ассамблей чуулганаар “Хойд Солонгосын хүний эрхийн байдал” хэмээх тогтоол анх удаагаа батлагдсан. Ерөнхий Ассамблейн уг шийдвэр нь гадаадын иргэдийг хулгайлах зэргээр Хойд Солонгост хүний эрх зөрчигдөж байгаад нэн болгоомжилж буйгаа илэрхийлж, Хойд Солонгост хандаж хүний эрхийн байдлаа сайжруулахад НҮБ-тай хамтран ажиллахыг шаардсан агуулга бүхий юм.

(2) Японы Засгийн газар Их найм болон олон улсын хэмжээний хурал, дээд хэмжээний уулзалт зэрэг бүхий л боломжийг ашиглан хүн хулгайлах асуудлыг тавьж ирсэн ба үүнийг олон орон ойлгон дэмжиж байгаа билээ.
Түүнчлэн Япон руу нутаг буцсан хулгайлагдсан хохирогч иргэдийн баталж байгаагаар Тайланд, Румын, Ливан зэрэг Японоос бусад орны иргэд мөн л Хойд Солонгост хулгайлагдан хүргэгдсэн байх магадлал өндөр байгаа нь гадна дотныхны анхаарлыг татаж байна.

(3) Бусад улс орон хүн хулгайлах асуудлыг ойлгож хүлээн авч байгаагаа илэрхийлж байна. Жишээ нь АНУ-ын Засгийн газар 2003 болон 2004 онд гаргасан тероризмын тухай тайландаа япон иргэдийг хулгайлсан асуудлыг оруулж нийтэд мэдээлэн Хойд Солонгос олон улсын тероризмтой тэмцэхэд бодит арга хэмжээ авахгүй байгааг онцлон тэмдэглэсэн байдаг.

(4) Хойд Солонгосын цөмийн зэвсгийн асуудлыг хэлэлцэх Япон, АНУ, БНСУ, Хятад, ОХУ, БНАСАУ-ын 6 талт хэлэлцээрийн үр дүнд 2005 оны 9 сард хийсэн хамтарсан мэдэгдэлд хүн хулгайлах асуудал зэрэг шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг шийдэгдтэл Хойд Солонгостой дипломат харилцаа тогтоохгүй гэдэг манай улсын баримталж буй байр суурийг тусгасан ба энэ болон бусад асуудлуудыг шийдвэрлэсний эцэст дипломат харилцаа тогтоох арга хэмжээ авах нь тус уулзалтны нэг зорилго байв.

(5) Энэ мэтчилэн хүн хулгайлах асуудлыг шийдэхийн ач холбогдол, манай засгийн газраас энэ талаар авч буй арга хэмжээ нь олон улсын хамтын нийгэмлэгийн тодорхой дэмжлэгийг авч байна.
Хүн хулгайлах асуудал нь японы ард түмний амь нас, аюулгүй байдалтай холбоотой чухал асуудал учраас үүнийг шийдэхгүйгээр Хойд Солонгостой гадаад харилцаа тогтоохгүй гэсэн байр сууриа Японы Засгийн газар цаашид ч баримтлах болно. Японы Засгийн газар энэхүү байр сууринд тулгуурлан Япон, Хойд Солонгос хоёр орны асуудлыг нэгэн зэрэг иж бүрэн шийдэх хэлэлцээр, бусад бүхий л боломжийг ашиглан Хойд Солонгосын талд хохирогчдыг нэн даруй нутаг буцаах, бодит үнэнийг тогтоох түүнчлэн хүн хулгайлах гэмт хэргийн эзнийг шилжүүлж өгөхийг хатуу шаардан уг асуудлыг шийдвэрлэхийг чармайх болно.