Нүүр ХуудасСоёл, мэдээлэл

 

Сургууль хоорондын япон хэлний уран илтгэлийн
22 дахь удаагийн тэмцээн болж өнгөрлөө

  2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр



  2016 оны 11 дугаар сарын 12-ны өдөр, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвд, Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яам, Монголын Япон хэлний багш нарын холбоо, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв, Япон сан хамтран зохион байгуулсан сургууль хоорондын япон хэлний уран илтгэлийн 22 дахь удаагийн тэмцээн болж өнгөрлөө. Энэ удаагийн тэмцээний ахлах сургуулийн сурагчдын хэсэгт 22 сургуулийн 39 сурагч, их сургуулийн оюутнуудын хэсэгт 13 сургуулийн 23 оюутан бүртгүүлсэнээс урьдчилсан шалгаруулалтад тус бүр 10 ахлах сургууль, 10 их сургуулийн төлөөлөл болсон оролцогчид шалгарч, эцсийн шатанд тунаж үлдсэн юм.

 


    Эцсийн шалгаруулалтын үеэр өөрийн сургуулийн төлөөллийг дэмжихээр ирсэн багш, сурагчид зэрэг 250 орчим хүн танхимд хуран цуглав. Өөрийн илтгэлийг тавих ээлжээ хүлээх зуураа сандарсан царайтай байсан оролцогчид маань хөгжөөн дэмжигчидийн дэмжлэг дор итгэл төгс бөгөөд илэрхийлэмж сайтай илтгэлийг тавьж чадсан ба энэ удаагийн тэмцээн нь өнгөрсөн жилүүдийнхээс өндөр түвшинд болж өнгөрлөө.



    Шүүгчдийн үнэлгээгээр ахлах сургуулийн төрөлд Нийслэлиин үндэсний лаборатори 12-р бүрэн дунд сургуулийн сурагч Э.Ертөнц, их сургуулийн төрөлд ХААИС-ийн Агро-Экологийн сургууийн оюутан Д.Очирмаа нар түрүүллээ. Төрөл тус бүрийн 1,2,3-р байр болон тусгай байрын шагнал авсан нийт 8 оролцогчид JENESYS2016 хөтөлбөрөөр Япон улсад 7 хоног аялах эрхийн эзэд боллоо.


Ахлах сургуулийн төрөл



      Шагналт байр эзлэгсэд

1-р байр: Э.Ертөнц (Нийслэлиин үндэсний лаборатори 12-р бүрэн дунд сургууль)
2-р байр: Д.Номин-Эрдэнэ (Монгол-Оросын хамтарсан 3-р сургууль)
3-р байр: Э.Хонгороо (Наран бүрэн дунд сургууль )
Тусгай байр: Т.Юмчин (Дархан-Уул аймгийн ЕБС-ийн 9-р сургууль)


Их сургуулийн төрөл



1-р байр: Д.Очирмаа (ХААИС-ийн Агро-Экологийн сургууль)
2-р байр: Ж.Сайнзаяа (МУИС Хууль зүйн сургууль Японы эрх зүйн боловсролын төв)
3-р байр: Б.Марал (ШУТИС-ийн Коосэн сургалтын хөтөлбөр )
Тусгай байр: Э.Энх-Учрал (ШУТИС-ийн хамтарсан бакалаврын хөтөлбор)


 


    Ахлах сургуулийн төрөлд түрүүлсэн Нийслэлийн үндэсний лаборатори 12-р бүрэн дунд сургууль болон их сургуулийн төрөлд түрүүлсэн ХААИС-ийн Агро-Экологийн сургуульд тус тус Монгол дахь япон иргэдийн нийгэмлэгийн тэргүүн Накамүра Коо, Японы бизнес байгууллагуудын нийгэмлэгийн тэргүүн Ёшида Ацүши нараас шилжин явах ялалтын цомыг гардуулан өглөө. Шилжин явах энэхүү цомууд нь ялалтын алдар хүндийн хамтаар ирэх жилийн уран илтгэлийн тэмцээнийг хүртэл тус сургуулиудад хадгалагдах юм.


 


    Тус яам нь сургууль хоорондын уран илтгэлийн тэмцээнийг ирэх жил мөн зохион байгуулахаар төлөвлөөд байгаа бөгөөд өдөр тутам сурч мэдсэн зүйлийнхээ үр шимийг гаргах алтан боломж тул сургуулийнхаа анд нөхдийн хамт өөрсдийнхөө мэдлэг чадварыг сорьж үзэхийг уриалж байна.