Япон улсад эмчлэх эрхийн үнэмлэх олгох 100 хувийн тэтгэлэгт хөтөлбөрөөр
Монгол улсаас хоёр оюутан Японд суралцахаар явна
2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр
Японы Олон улсын эрүүл мэнд нийгмийн халамжийн их сургуулийн Анагаах ухааны факультетад Монгол улсын АШУҮИС-аас хоёр оюутан 100 хувийн тэтгэлэгтэйгээр суралцах боллоо. Ирэх оны 4-р сараас Анагаах ухааны факультетийг шинээр нээн ажиллуулах гэж буй Олон улсын эрүүл мэнд нийгмийн халамжийн их сургууль нь олон улсад ажиллах анагаах ухааны мэргэжилтэнг бэлтгэх болон Ази дахь эрүүл мэнд, эмчилгээ үйлчилгээг хөгжүүлэх зорилготойгоор Азийн улс орнуудаас 20 оюутныг суралцуулахаар шийдвэрлэсний дотор Монгол улсаас хоёр оюутан сонгогджээ. Тэтгэлгээр суралцах оюутнуудад тус сургуулийг төгсөх хүртэлх зургаан жилийн сургалтын төлбөр, хичээлийн хэрэглэлийн зардал, амьжиргааны зардал гэх мэтийг оруулаад оюутан тус бүрт хамгийн ихдээ 30 сая иений тэтгэлэг олгогдоно гэж мэдэгдээд байгаа юм.
Монгол улсаас тэтгэлэгт оюутнаар АШУҮИС-ын 2 дугаар дамжааны оюутан Талгатын Тилеубек, Ганбаатарын Төмөржин нар сонгогдсон бөгөөд Элчин сайд Т.Шимизү тэдэнд хандан, "100 хувийн тэтгэлэгт хөтөлбөрөөр Японы Анагаах ухааны салбарт суралцана гэдэг бол туйлын ховор боломж бөгөөд энэхүү хөтөлбөрт Монгол улсаас хоёр ч оюутан сонгогдсон нь нэн баярлууштай явдал юм. Япон улсын засгийн газар Монгол улсын эрүүл мэндийн салбар дахь боловсон хүчнийг бэлтгэх ажлыг идэвхийлэн дэмждэг бөгөөд сүүлийн жилүүдэд буцалтгүй тусламжийн хүрээнд Монголын залуу эмч нарт мэргэжлийн дадлага туршлага суулгах зорилготой Япон Монголын сургалтын эмнэлгийг байгуулах төсөл (2018 онд барилгын ажил дуусхаар төлөвлөгдсөн)-ийг хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Энэ удаад Олон улсын эрүүл мэнд нийгмийн халамжийн их сургуульд суралцах хоёр оюутны тухайд Япон улсад сурч мэдсэн зүйлээ энэхүү сургалтын эмнэлэгт авч ирж хэрэгжүүлэх аваас туйлын их баяртай байх болно. Энэхүү алтан боломжийг бүрэн дүүрэн ашиглаж ирээдүйн Монголын анагаах ухааны хөгжилд үр шимийг нь гаргаасай гэж хүсч байна" хэмээн урмын үгийг хэлэв.
Япон улс нь засгийн газрын хөгжлийн тусламжийн зэрэгцээ хувийн хэвшлийн байгууллага хоорондын тусламжаар дамжуулан Монгол орны эрүүл мэндийн салбарыг сайжруулах ажилд хувь нэмрээ оруулахыг зорьж ажиллаж байгаа юм. Монголын хоёр залуу боловсон хүчнийг Япон улсын анагаах ухааны их сургуульд суралцалжуулж байгаа нь Япон улсаас хэрэгжүүлж байгаа Монголын эрүүл мэндийн салбарт чиглэсэн боловсон хүчин болон техник технологийн харилцааны томоохон алхам бөгөөд Монгол улс дахь анагаах ухааны салбарыг хойшид улам хөгжүүлэх нь дамжиггүй юм.
Анагаах ухааны факультетад тэтгэлгээр суралцах АШУҮИС-ийн оюутан
Т.Тилеубек (голоосоо зүүн гар талд) болон
Г. Төмөржин (голоосоо баруун гар талд) нар.
Элчин сайд Т. Шимизү болон АШУҮИС-ийн захирал Г. Батбаатар (баруун гар талд)
нараас урмын үг сонсоцгоов.
Үзэх) Олон улсын эрүүл мэнд нийгмийн халамжийн их сургууль (цахим хуудас /англи хэл дээр/)