Япон улсын Засгийн газрын Соёлын ерөнхий буцалтгүй тусламжаар хэрэгжих
"Монголын Үндэсний Музейн үзмэрийн хадгалалтын тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл"-ийн дагуу
тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ боллоо
2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр
6 дугаар сарын 17-ны өдөр, Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү Монголын Үндэсний Музейд Япон улсын Засгийн газрын Соёлын ерөнхий буцалтгүй тусламжийн төслийн дагуу тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээнд оролцлоо.
Тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх энэхүү ёслолын арга хэмжээнд Элчин сайд Т.Шимизү үг хэлэхдээ "Монгол улс "Монгол" хэмээх онцлогоо хадгалсан хэвээр хөгжөөсэй гэсэн чинхүү хүслээр Япон улс Соёлын буцалтгүй тусламж болон ЮНЕСКО-гийн Итгэлцлийн сангаар дамжуулан өнөөг хүртэл Монголын биет ба биет бус соёлын өвийн хадгалалтыг идэвхтэйгээр дэмжсээр ирсэн билээ. Өнөөдөр тоног төхөөрөмж нийлүүлж байгаа нь ч мөн үүний нэг хэсэг бөгөөд Монголын ард иргэд та бүхэн соёлын тухай ойлголтоо нэмэгдүүлж, гадаад орнуудад түүгээрээ бахархах сэтгэлээр соёлын өвөө урт удаан хугацааны туршид хадгалан хамгаалж, нийтийн хүртээл болгоход тус нэмэр болно гэж найдаж байна" хэмээв. Мөн Монголын Үндэсний Музейн захирал Д.Сүхбаатар "Хойч үедээ өвлүүлэн үлдээх ёстой Монголын соёлын өвийг урт хугацааны туршид хадгалахад нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлж байгаа Японы ард түмэнд талархал илэрхийлье" хэмээн үг хэлэв.
Энэхүү буцалтгүй тусламжийн нийт дүн 41,8 сая иен буюу ойролцоогоор 780 сая төгрөг болох ба Монголын Үндэсний музейн эд өлгийн зүйлсийг зохих ёсоор хадгалахад шаардлагатай, материал тус бүрийнх нь онцлогт тохирсон тоног төхөөрөмжийг нийлүүлсэн бөгөөд энэ нь уг музейд хадгалагдаж буй балар эртний үеийн олдвороос эхлээд дэлхийн хэмжээнд ховор нандинд тооцогдох 50 мянга гаруй соёлын өвийг урт удаан хугацаанд, хамгийн сайн байдлаар хадгалан хамгаалах зорилготой билээ.
2013 онд Соёлын ерөнхий буцалтгүй тусламжийн хүрээнд Соёлын өвийн төвд нийлүүлсэн 3D болон анализ шинжилгээний төхөөрөмжүүд, ЮНЕСКО дахь Японы итгэлцлийн сангаар дамжуулан Биет бус соёлын өвийг хамгаалах чадавхийг бэхжүүлэх төсөл зэрэг өнөөг хүртэл үзүүлсээр ирсэн бусад тусламжтай энэ удаагийн тусламж нь хавсарсан үр дүнг үзүүлнэ хэмээн найдаж байна.



