Нүүр ХуудасСоёл, мэдээлэл

 

"Соёлын өвсний үндэс" буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжих
"Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн засварын төсөл"-ийн
гэрээнд гарын үсэг зурах ёслол боллоо

 

  2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр




 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр, Япон улсын Засгийн газрын "Соёлын өвсний үндэс" буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжих "Монгол Хүүхдийн урлан бүтээх төвийн засварын төсөл"-ийн гэрээнд Элчин сайд Т.Шимизү, МХУБТ-ийн захирлын албан үүргийг түр орлогч М.Энхтуяа гарын үсэг зурлаа. Холбогдох хүмүүс болон Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн дугуйлангийн хүүхдүүд, тэдгээрийн эцэг эхчүүд зэрэг нийт 150 гаруй хүн оролцсон томоохон ёслолын арга хэмжээ болж өнгөрөв.  


  Элчин сайд Т.Шимизү хэлсэн үгэндээ "Монгол улс сүүлийн жилүүдэд эдийн засгийн хувьд эрчимтэй хөгжиж байгаа ч амьдралыг улам баялаг болгодог урлаггүйгээр жинхэнэ улсын хөгжлийг төсөөлшгүй билээ. Тус урлан бүтээх төв нь Монгол улсыг төлөөлөх олон уран бүтээлчдийг бэлтгэж ирсэн. Өнөөдөр энд байгаа хүүхдүүд дундаас ч ирээдүйд шилдэг уран бүтээлч төрнө гэдэгт итгэж байна" хэмээв.  


  Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн захирлын албан үүргийг түр орлогч М.Энхтуяа хэлэхдээ "Бидний ирээдүй болсон хүүхдүүдийн эрдмийн өргөө болох урлан бүтээх төвийн барилгыг засварлахад тусламжийн гараа сунгасан Япон улсын Засгийн газар болон Япон улсын ард түмэн та бүхэнд чин сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийлье" гэв.


 Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгэм хамгааллын асуудал эрхэлсэн орлогч Ц.Буяндалай өнөөг хүртэл боловсролын салбарт оруулсан Япон улсын туслалцаа дэмжлэгт талархал илэрхийлж, ирээдүйн урлагийн салбарт урлан бүтээх төвийн хүүхдүүд хувь нэмэр оруулна гэдэгт итгэж буй талаар мэндчилгээндээ дурьдлаа.


 Төслийн нийт өртөг нь 84,439 ам.доллар буюу ойролцоогоор 160 сая төгрөгтэй тэнцэх юм. Уг төслөөр 1957 онд баригдсан Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн барилгын элэгдэж хуучирсан, тогтмол дусаал гоожих болсон дээврийг засварласнаар тус төвийн ая тухтай байдал болон аюулгүй байдлыг сайжруулж, 1300 гаруй сурагч хүүхдүүдийн урлагийн боловсрол эзэмших таатай орчныг бүрдүүлэх бөгөөд энэ нь Монголын соёл, боловсролын салбарын хөгжлийг дэмжиж буй явдал юм.


 Мөн энэ өдөр, Хүүхдийн урлан бүтээх төвийн сурагчдын бүтээлийн үзэсгэлэн зохион байгуулагдав. Хүүхдүүдийн өдөр тутмын хичээл зүтгэлийн үр дүн уг үзэсгэлэнд бүрэн дүүрэн илэрхийлэгдсэн байсан ба шилдэг бүтээлийн эздэд Элчин сайд Т.Шимизүгийн нэрэмжит шагналыг гардууллаа.



1
Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн гаднах байдал


2
Элчин сайд Т.Шимизү(баруун), Захирлын албан үүргийг
түр орлогч М.Энхтуяа (зүүн)


3
Төслийн холбогдох хүмүүс ба хүндэт зочин Засаг даргын
орлогч Ц.Буяндалай (баруунаас 4-дэх)



kendogu4
Сурагчдын бүтээлийн үзэсгэлэн

5


6
Шагнал хүртсэн хүүхдүүдийн хамт