Нүүр ХуудасСоёл, мэдээлэл

 

JENESYS2.0 хөтөлбөрийн хүрээнд
Монголын хүүхэд залуучуудын төлөөлөл 90 хүн Японыг зорино

 

2016 оны 2 дугаар сарын 16-ны өдөр


   2016 оны 2 дугаар сарын 14-ний өдөр JENESYS2.0 хөтөлбөрийн хүрээнд Японд аялах хүүхэд залуусын төлөөллийг үдэх арга хэмжээ зохион байгуулагдлаа. Япон орныг гадаадын хүүхэд залуучуудад танилцуулах зорилгоор Японы Засгийн газраас хэрэгжүүлсэн JENESYS (2007~2010) болон одоо хэрэгжүүлж буй JENESYS2.0 (2013~2016) хөтөлбөрүүдийн хүрээнд өнөөг хүртэл Монгол улсаас нийт 715 хүүхэд залуус Япон улсад аялж, Япон оронтой танилцаад байна.

   JENESYS2.0 хөтөлбөрийн 6 дахь ээлжинд хамрагдаж буй Монголын хүүхэд залуучуудын төлөөлөл 90 хүн 2 дугаар сарын 15-наас 23-ныг хүртэлх хугацаанд Япон улсад аялна.

   Хөтөлбөрт хамрагдагсад эхлээд Токио хоттой танилцана. Дараа нь спортын, байгалийн ухааны, япон соёлын, соёл урлагийн гэсэн 4 группт хуваагдаж тус тус Нагано, Фүкүока, Нагасаки аймгуудаар аялан тухайн газрынхаа үйлдвэр, сургуулиудтай танилцаж, жуулчдын олноор үзэж сонирхдог газруудыг үзнэ. Мөн япон айлд байрлаж, япон хүмүүстэй танилцах арга хэмжээнд оролцох зэрэг хөтөлбөртэй.

   Үдэлтийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн Элчин сайд Т.Шимизү "Спортын группийнхэн Нагано аймагт сургалтанд хамрагдах болно. Тэндээс олон зүйл сураад цаашдын бэлтгэл болон багийн дасгалжуулалтандаа хэрэгжүүлж, 2020 оны Токиогийн Олимпийн үеэр Японд дахин очихыг ерөөе. Мөн байгалийн ухааны, соёл урлагийн болон япон соёлын группийнхэнд ч нарийн төлөвлөгөө бүхий хөтөлбөр бэлдсэн байгаа. Өөр өөрсдийнхөө салбартай холбоотой мэдлэгээ өргөжүүлэхийн хажуугаар Монголын соёлыг Японы хүүхэд залууст сурталчлан таниулаарай" хэмээн өгүүлэв.

   Мөн энэ удаад Японд аялагчдыг ахалж явах Монголын Триатлоны холбооны нарийн бичгийн дарга Б. Цагаанбаатар "Япон бол урьд нь 3 удаа Олимпын наадмыг (Зуны 1, Өвлийн 2) зохион байгуулж байсан, 2020 онд 4 дэх удаагаа зохион байгуулах гэж буй спорт өндөр хөгжсөн орон. Спортын группийнхэн бид өвлийн олимп зохион байгуулагдаж байсан Нагано аймагт очиж Японы спортын ололт амжилтаас суралцах болно. Мөн япон айлд байрласнаар япон хүний аж амьдралтай танилцаж, япон хүний хөдөлмөрч зан чанараас суралцах хүсэлтэй байна" гэлээ.

1
Элчин сайд Т.Шимизү

3
Японд аялах залуусын төлөөлөл үг хэлж байна


3
Урлагийн тоглолт