Нүүр ХуудасСоёл, мэдээлэл


 

Элчин сайд Т. Шимизү "Багшийн гавьяа" одонгоор шагнагдав


2016 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр


 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр БСШУЯ-ны байранд Элчин сайд Т. Шимизүд Монголын ахмад багш нарын холбооны дээд шагнал болох "Багшийн гавьяа" одонг гардуулах ёслол зохион байгуулагдав. Энэ нь Элчин сайд Т. Шимизүгийн Монгол улсын боловсролын салбарт оруулсан хувь нэмрийг үнэлэн олгож буй шагнал юм.


 Одонг гардуулах үед БСШУ-ны сайд Л. Гантөмөр "Элчин сайд Т.Шимизү бол манай боловсролын салбарын тэргүүний ажилтан. Саяхан хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон авсан. Эдгээр нь төрийн шагналууд байсан бол энэ удаагийнх ард түмний шагнал юм. Багш нар гэдэг бол ард түмний аав, ээжүүд байдаг. Ялангуяа манай гавьяат багш нараас энэхүү шагналыг авч байгаа танд баяр хүргэе" хэмээв.


 Элчин сайд Т. Шимизү талархал илэрхийлээд, "Япон улс 1990 оноос хойш Монголын хөгжилд хувь нэмэр оруулах чиглэлээр ажиллаж ирсэн. Түүн дотроо боловсролын салбарыг чухалчлан, энэ салбарт түлхүү анхаарч, шинээр 55 сургууль барьж, "Өвсний үндэс" төслөөр 300 гаруй сургуульд засвар хийжээ. Мөн жил бүр Япон улсын Засгийн газрын тэтгэлгээр Японд оюутнуудыг суралцуулахад анхаарал тавин ажиллаж байна. Эдгээр ажлын маань үр дүнд Японд их, дээд сургууль төгсөгчид Монголдоо буцаж ирэн, улсынхаа хөгжлийн төлөө зүтгэж байгааг харахад таатай байдаг. Улс орны хөгжилд хүний хөгжил хамгийн чухал гэдэгт би бат итгэдэг. Цаашид ч Монголын багш нартай хамтран ажиллаж, Монгол улсын боловсролын салбарт хувь нэмэр оруулах болно" гэлээ.


1 2
     Монголын ахмад багш нарын холбооны          Арга хэмжээнд оролцогсод          
тэргүүн Д.Амараас одон гардан авч буй нь                              

1 2
             Дурсгалын зураг               "Багшийн гавьяа" одон, одонгийн үнэмлэх