Япон улсын Засгийн газрын Соёлын ерөнхий буцалтгүй тусламж
"МҮОНРТ-ийн программын хангамжийг сайжруулах төсөл"-ийн
хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ
4 дүгээр сарын 15-ны өдөр, МҮОНРТ-ийн байранд Япон улсын Засгийн газрын Соёлын ерөнхий буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжсэн "МҮОНРТ-ийн программын хангамжийг сайжруулах төсөл"-ийн хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ зохион байгуулагдаж, тус яамнаас Элчин сайд Т. Шимизү оролцлоо.
Нийт 71.7 сая иений (ойролцоогоор 1.2 тэрбум төгрөг) өртөг бүхий уг төслийг хэрэгжүүлэх тухай Засгийн газар хоорондын солилцох Ноот бичигт 2014 оны 3 дугаар сард гарын үсэг зурсан бөгөөд төслийн хүрээнд Японы нийгэм, соёл, түүх, шинжлэх ухаан технологи зэргийг танилцуулах 27 сэдвийг хамарсан 162 баримтат нэвтрүүлэг, мөн сурагч багачуудад зориулсан математик болон байгалийн ухааны 12 сэдвийг хамарсан 228 боловсролын нэвтрүүлэг, нийт 390 нэвтрүүлгийг нийлүүлж байгаа юм.
Элчин сайд Т. Шимизү хэлсэн үгэндээ "Хүүхэд багачуудад сонирхолтой, хөгжилтэй хэлбэрээр мэдлэг олгох зорилгоор найруулга, дүрслэл талаас нь онцгой анхаарч бүтээсэн эдгээр боловсрол, танин мэдэхүйн нэвтрүүлгүүд нь Монгол орон даяар өргөнөөр хүрч, тэндээс Монголын сурагч багачууд их зүйл сурч мэднэ гэдэгт найдаж байна" гэж өгүүлэв.
Уг төсөл нь Монголд Японы Засгийн газрын Соёлын ерөнхий буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжсэн 25 дахь төсөл бөгөөд өнөөг хүртэл Монгол улсад нийт 1 тэрбум 560 сая орчим иений (25.7 тэрбум орчим төгрөг) Соёлын ерөнхий буцалтгүй тусламж үзүүлсэн байна. Японы Засгийн газар нь Соёлын ерөнхий буцалтгүй тусламжийн хөтөлбөрөөр дамжуулан Монголын соёл, дээд боловсролын салбарыг дэмжихэд хувь нэмрээ оруулахыг зорьж байна.