Нүүр ХуудасСоёл, мэдээлэл

 

 

Япон улсын Засгийн газрын Соёлын ерөнхий буцалтгүй тусламжаар хэрэгжих
"Монголын Үндэсний Музейн үзмэрийн хадгалалтын тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл"-ийн
гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ

 

2015 оны 3 дүгээр сарын 11-ний өдөр

 

 

3 сарын 11-ний өдөр, Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү болон Монгол улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн нар Гадаад хэргийн яаманд Япон улсын Засгийн газрын Соёлын ерөнхий буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжих ”Монголын Үндэсний Музейн үзмэрийн хадгалалтын тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл”-ийн Ноот бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү гарын үсэг зурах ёслолын арга хэмжээнд Сангийн сайд Ж.Эрдэнэбат болон Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны дэд сайд Я.Төмөрбаатар нар оролцов.

Ёслолын үеэр Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн хэлэхдээ “Уг төсөл хэрэгжсэнээр түүхэн үнэт зүйл болох Монголын музейн үзмэрүүдийг зохистойгоор хадгалж чадахаар боллоо. Японы ард түмэн та бүхэнд талархал илэрхийлье” хэмээв.

Энэхүү буцалтгүй тусламжийн нийт дүн 41,8 сая иен буюу ойролцоогоор 690 сая төгрөг юм. Төслийн хүрээнд Монголын Үндэсний музейн эд өлгийн зүйлсийг зохих ёсоор хадгалахад шаардлагатай, материал тус бүрийнх нь онцлогт тохирсон тоног төхөөрөмжийг нийлүүлэх бөгөөд энэ нь уг музейд хадгалагдаж буй балар эртний үеийн олдвороос эхлээд дэлхийн хэмжээнд ховор нандинд тооцогдох 50 мянга гаруй соёлын өвийг урт удаан хугацаанд, хамгийн сайн байдлаар хадгалан хамгаалах зорилготой билээ.

2013 онд Соёлын ерөнхий буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжүүлсэн “Соёлын өвийн төвийн анализ шинжилгээний төхөөрөмжийг сайжруулах төсөл”, 2011, 2012 оноос ЮНЕСКО дахь Японы итгэлцлийн сангуудаар дамжуулан хэрэгжиж буй “Биет бус соёлын өвийг хамгаалах чадавхийг бэхжүүлэх төсөл” болон “Музейн боловсон хүчин бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх төсөл”, мөн өнөөдөр гэрээг нь үзэглэсэн төсөл зэрэг олон төрлийн хамтын ажиллагааны үр дүнд Монголын түүх судлал улам өргөжин хөгжиж, Монголын соёлын өв нь хүмүүсийн сонирхлыг байнга татан, аялал жуулчлалын хөгжлийг эрчимжүүлэх чухал хүчин зүйл болно хэмээн найдаж байна.