Монгол-Японы хооронд Соёлын харилцааны хэлэлцээр байгуулагдсаны
40 жилийн ойд зориулсан Хүндэтгэлийн тоглолт амжилттай зохион байгуулагдлаа
2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Монгол-Японы соёлын харилцааг дэмжих “Альянс” нийгэмлэг Улсын Дуурь, бүжгийн эрдмийн театрт “Монгол-Японы хооронд Соёлын харилцааны хэлэлцээр байгуулагдсаны 40 жилийн ойд зориулсан Хүндэтгэлийн тоглолт”-ыг амжилттай зохион байгууллаа. Тус Элчин сайдын яам болон Соёл, Спорт, Аялал жуулчлалын яам нь уг тоглолтын дэмжигч байгууллагаар оролцсон юм.
Энэхүү хүндэтгэлийн тоглолтыг энэ сарын 7-ны өдөр зохион байгуулагдсан Васэда их сургуулийн эрэгтэй найрал дуучдын Монгол дахь тоглолтонд хариу “бэлэг” болгон зохион байгуулж буйгаа “Альянс” нийгэмлэгийн тэргүүн Ж.Баатарцогт дурьдаад, Японы ард түмэнд талархал илэрхийлэв. Тоглолтын газраар Дуурь, бүжгийн эрдмийн театрыг сонгосон нь учиртай бөгөөд 1994 онд Японы соёлын буцалтгүй тусламжаар тус театрт 49 сая иений үнийн дүн бүхий гэрэлтүүлэг, дуу чимээний тоног төхөөрөмжийг нийлүүлж байсан билээ. Түүнчлэн тоглолтын үеэр хөгжимдсөн нийт 80 гаруй хөгжмийн зэмсэгүүд бүгд Японы соёлын буцалтгүй тусламжаар Хөгжим бүжгийн коллежид нийлүүлэгдсэн хөгжмийн зэмсэг байснаараа онцлог байв.
Тоглолтонд Морин хуурын чуулга, Үндэсний Дуурь, бүжгийн эрдмийн чуулга, Улсын Дуурь, бүжгийн эрдмийн театрын хөгжимчин дуучид, Хөгжим бүжгийн коллежийн сурагчид, Соёл-Эрдэм дээд сургууль болон Сити дээд сургуулийн оюутнууд оролцож уран бүтээлийн сангаасаа толилуулсан бөгөөд 400 гаруй үзэгчид хуран цуглажээ. Тус тоглолтын үеэр хоёр орны дуунуудыг симфони найрал хөгжим, гоцлол дуу, найрал дуу зэрэг олон төрлөөр эгшиглүүлэн үзэгчдийн сэтгэлийг тоглолтын бүхий л хугацаанд хөдөлгөж, танхим дүүрэн нижигнэсэн алга ташилттай, гайхалтай тоглолт болж өнгөрлөө.

Монголын Морин хуурын чуулга


Улсын Дуурь, бүжгийн эрдмийн Хөгжим бүжгийн коллежийн
театрын найрал дуучид цохивор хөгжмийн чуулга