Монголд хэрэгжүүлсэн эдийн засгийн хамтын ажиллагааны тойм
Япон Улс Монгол Улстай 1972 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд манай улс 1977 онд “Говь комбинат”-ыг барьж байгуулсан билээ. Энэ нь тус улсад манай улсаас хэрэгжүүлсэн анхны эдийн засгийн хамтын ажиллагааны төсөл юм. Уг үйлдвэр нь байгуулагдснаасаа хойш 30 шахам жил өнгөрсөн боловч улсын үйлдвэрийн газрын статустайгаар үйл ажиллагаагаа хэвээр үргэлжлүүлсээр байгаа бөгөөд Монгол Улсын гадаад валютын орлогод томоохон хувь нэмэр оруулж байна.
Харин түүнээс хойш 1990 онд Монгол Улс ардчилалд шилжих хүртэлх хугацаанд хоёр улс онцлон дурьдаж болохуйц эдийн засгийн хамтын ажиллагааг хэрэгжүүлээгүй юм. Хүйтэн дайны үед дэлхийн улс орнууд зах зээлийн эдийн засгийн тогтолцоот барууны орнууд болон социалист нийгмийн тогтолцоот зүүны улс орнуудад хуваагдсанаар хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа төдийгүй бүх салбар дахь харилцаа хөгжих боломжоор хязгаарлагдмал байлаа.
1990 онд Монгол Улс ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжиж эхэлснээс хойш энэхүү тогтолцооны өөрчлөлттэй уялдсан хямрал болон тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхийн тулд Япон Улс бусад орнуудаас хамгийн түрүүнд Монгол Улсад тусламж дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж, мөн бусад улс орнуудад хандаж туслалцаа үзүүлэхийг уриалан, “Монголд хандивлагчдын чуулга уулзалт”-ыг Токио хотноо зохион байгуулжээ. Тийнхүү 90-ээд оноос хойш цаг ямагт хамгийн том хандивлагчийн байр сууринаас Монголд дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэн юм.
Энэхүү 16 жилийн хугацаанд Монголд хэрэгжүүлсэн эдийн засгийн хамтын ажиллагааны агуулга ч аажмаар өөрчлөгдөж ирлээ. 1990-ээд оны эхэнд, ард иргэдийн ахуй амьдралыг сайжруулах зорилгоор эдийн засгийн бааз суурийг бэхжүүлэхэд чиглэсэн тусламж (Дулааны 4-р цахилгаан станцад яаралтай засвар шинэчлэл хийх, нийтийн тээврийн автобус нийлүүлэх, төмөр зам болон автозамыг засварлах, холбооны дэд бүтцийг сайжруулах зэрэг) голлож байлаа. Харин 2004 оны эдийн засгийн өсөлт 10.6%-д хүрч, эдийн засгийн тогтолцооны өөрчлөлттэй уялдсан хямрал ямар ч атугай намжсантай холбогдуулж, сүүлийн жилүүдэд эдийн засгийн тогтвортой өсөлт болон зах зээлийн эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилгыг агуулах болжээ.
1990-ээд оны эхээр буюу эдийн засгийн тогтолцооны шилжилтийн үед Монголд үүссэн хямрал нь маш хүнд бэрх байлаа. Тэр үе хүртэл ЗХУ-ын хөрөнгө оруулалт, техник технологид голлон найдаж ирсэн Монголын эдийн засгийн бааз суурь нь Оросуудыг Монголоос нутаг буцах үеэс хямарч эхэлжээ. Цахилгаан өдөрт өч төчнөөн цагаар тасрах болж, хүнс хоол картын хуваарилалтад шилжин, нийтийн тээвэр ч уналтад орсон байна. Яг энэ үед бусад орнуудаас нэн түрүүнд том хэмжээний тусламжийг Япон Улс Монголд үзүүлсэн юм. Монголчууд Японы тусламжийн талаар дурьдах үедээ “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэсэн зүйр цэцэн үгийг иш татдаг билээ. Зовж зүдэрсэн цагт нь гар сунган тусалсан Япончуудад талархах сэтгэлээ илтгэж буй нь энэ юм.
Түүнээс хойш ч манай улс Монгол Улсад боловсрол, хөдөө аж ахуй болон мал аж ахуй, эрүүл мэнд, эмнэлгийн үйлчилгээ, ус хангамж, хүнсний тусламж зэрэг төрөл бүрийн салбарт тусламж үзүүлж ирсэн билээ. 1991-2004 онд үзүүлсэн тусламжийн нийт дүн 131 тэрбум 625 сая иенд хүрсэн бөгөөд үүнд хөнгөлөлттэй зээл 39 тэрбум 107 сая, буцалтгүй тусламж 70 тэрбум 689 сая, техникийн хамтын ажиллагаа 24 тэрбум 810 саяд хүрчээ. Энэ нь гадаадын улс орнуудаас Монголд үзүүлсэн нийт тусламжийн 70-аад хувийг эзэлж байна.
Эдгээр эдийн засгийн хамтын ажиллагаа нь нэг утгаараа хүмүүс хоорондын харилцааг дэмжиж ирсэн ч гэж хэлж болох юм. Төслийн хэрэгжилтийн явцад Япончуудтай хамт ажилласан, мөн Японд дадлагад хамрагдсан хүмүүс сүүлд нь хоёр орны харилцааны хөгжилд тал бүрээр хувь нэмрээ оруулж байна. Өнөөдөр олон тооны залуу болон ахмад сайн дурын гишүүд Монголд томилогдон ажиллаж байгаа билээ. Ийнхүү хоёр орны иргэдийн хооронд ч харилцаа улам бүр идэвхжиж байна.
Япон Улс цаашид ч Монгол Улсыг Ази тив дэх манай нэн чухал найрамдалт орон болохынх нь хувьд дэмжлэг туслалцаа үзүүлэн,“Иж бүрэн түншлэлийн харилцаа”-г бий болгоход хамтран ажиллах болно.
Эдийн засгийн хамтын ажиллагааны төслүүд
Буцалтгүй тусламжийн төслүүдийн жагсаалт(
PDF файл)
Япон улсын засгийн газрын буцалтгүй тусламжийн “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд сүүлийн 3 жилд хэрэгжсэн төслүүд(Англи хэлээр)(
PDF файл)
Япон улсын зээлээр Монголд хэрэгжиж буй төслүүд(
PDF файл)
Эдүгээ хэрэгжиж байгаа техникийн хамтын ажиллагааны төслүүд (2010 оны 1-р сарын сүүлийн байдлаар)(
PDF файл)