Нүүр хуудас >Эдийн засгийн хамтын ажиллагаа>


Япон-Монголын хөгжлийн хамтын ажиллагааны тухай


 

      1. ХАЁТ-ийн өөрчлөлт, өнөөг хүртэлх ололт амжилт

   Монгол улсын хувьд Японы ХАЁТ нь 1977 онд хэрэгжсэн Говь ноолуурын үйлдвэрийг байгуулах буцалтгүй тусламжаар эхэлсэн. Япон, Монголын эдийн засгийн хамтын ажиллагаа нь 1989 оныг хүртэл монгол мэргэжилтнүүдийг Японд сургалтанд хамруулах, япон мэргэжилтэн Монголд илгээх, тоног төхөөрөмж нийлүүлэх зэрэг техникийн хамтын ажиллагаа болон соёлын буцалтгүй тусламжаар хязгаарлагдаж байв.

   Харин Монгол улс ардчилсан нийгэм, зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэнээс хойш Япон Монголын эдийн засгийн хамтын ажиллагаа жинхэнэ утгаараа өргөжиж эхэлсэн. 1990 оны санхүүгийн жилд анхны хөнгөлөлттэй зээлийг олгож, дахин буцалтгүй тусламж үзүүлж эхэлсэн байна.

   Буцалтгүй тусламжийн хүрээнд ЕБС-ийн барилгын өргөтгөл барих (55 сургуулийн байр, 668 анги танхим шинээр байгуулсан ба эдгээр сургуулиудад нийт 24,000 хүүхэд суралцаж байна), Улаанбаатар хотын нийтийн тээврийг сайжруулах, цэвэр бохир усны шугам сүлжээг байгуулах, авто зам тавих болон холбогдох тоног төхөөрөмжийг нийлүүлэх, харилцаа холбооны систем байгуулах, эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх, гал унтраах машин, хог ачигч машин техник нийлүүлэх зэргээр боловсролын орчныг сайжруулах, иргэдийн амьдралд хэрэгцээтэй дэд бүтцийг байгуулах чиглэлээр олон тооны төсөл хөтөлбөр хэрэгжиж ирсэн. Мөн шилжилтийн үед нийт 20,3 тэрбум иений төслийн бус буцалтгүй тусламжийг хэрэгжүүлж, түлш шатахуун зэрэг Монгол улсын иргэдийн амьдралд хэрэгцээ шаардлагатай бараа бүтээгдэхүүнийг импортлоход дэмжлэг үзүүлсэн. Газар тариалангийн салбарт улаан буудайн импортыг дэмжих хүнсний буцалтгүй тусламжийг хэрэгжүүлж, хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор тоног төхөөрөмж нийлүүлэх зэргээр Монгол улсын гол салбаруудын нэг болон хөдөө аж ахуйн салбарын хөгжилд хувь нэмэр оруулж ирсэн. 1990 оноос “Өвсний үндэс” буцалтгүй тусламжийн хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн ба энэ хүрээнд Монгол орны аймаг бүрт сургууль ба эмнэлгийн байруудыг засварлах, өргөтгөх, шинээр барих зэргээр оршин суугчдын наад захын хэрэгцээг хангахад дэмжлэг үзүүлэх төслүүд хэрэгжиж ирсэн ба 2015 оны 3 дугаар сарын байдлаар нийт 465 төслийг хэрэгжүүлээд байна. “Өвсний үндэс” буцалтгүй тусламжийн хөтөлбөрийг цаашид ч үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болно.

   Иений хөнгөлөлттэй зээлийн хүрээнд бага хүүтэй урт хугацааны зээл олгож, нүүрсний уурхайн байгууламжийг засварлах, холбогдох сэлбэг хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх, дулааны цахилгаан станцийг засвар үйлчилгээг тогтмол хийх, Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг барих зэрэг том хэмжээний дэд бүтцийн төслүүд голчлон хэрэгжиж байна. Мөн уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засгийн бүтцийг өөрчилж, хувийн хэвшлийн идэвхтэй оролцоотойгоор аж үйлдвэрийн салбарыг төрөлжүүлэх зорилгыг дэмжин Монголын жижиг дунд үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд таатай нөхцөл бүхий зээл олгох “ЖДҮ-ийг дэмжих, байгаль орчныг хамгаалах 2 үе шаттай зээл”-ийн төслийг (нийт дүн 8 тэрбум иен) 2005 болон 2010 онуудад хэрэгжүүлсэн. Эдгээрээс гадна Монгол улсад хэрэгцээ шаардлагатай аж үйлдвэрийн салбарын хүний нөөцийг бэлтгэх, Монгол улсын энэ чиглэлийн боловсон хүчин бэлтгэх хүчин чадлыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор иений хөнгөлөлттэй зээлээр “Инженер, технологийн дээд боловсрол” төслийг хэрэгжүүлж, монгол залуусыг Японд сургаж эхлээд байна.

   Дээр өгүүлсэнчлэн Японы Засгийн газар нь Монгол улстай дипломат харилцаа тогтоосноос хойш өнөөг хүртэл төрөл бүрийн салбарт эдийн засгийн тусламж дэмжлэгийг үзүүлж ирсэн бөгөөд 2015 оны 3 дугаар сарын байдлаар нийт тусламжийн дүн 238 тэрбум иенд хүрээд байна. Ийнхүү Япон улс нь Монгол улсад тууштай дэмжлэг үзүүлж ирсэн ба энэ нь Монгол улс ардчилсан нийгэмд шилжих явцдаа тулгарсан эдийн засаг, санхүүгийн хүндрэлтэй он жилүүдэд томоохон үүргийг гүйцэтгэж, Монгол улсыг цаашид авч явах хүүхэд залуусын боловсролыг дэмжихэд чиглэж ирсэн билээ.

 


Монгол улсад үзүүлсэн зээл тусламж (2016 оны 3 дугаар сарын сүүлийн байдлаар)

Жил
Буцалтгүй тусламж
(100 сая иен)
Хөнгөлөлттэй зээл
(100 сая иен)
Техникийн хамтын ажиллагаа
(100 сая иен)
Нийт
(100 сая иен)
1977 оноос
2015 он хүртэл
1,155.68
1,259.44
447.70
2,862.82

 

     2.    ХАЁТ-ийн чиглэл

   Монгол улсын эдийн засаг Япон зэрэг хандивлагч орнуудын дэмжлэгтэйгээр, мөн урд хөрш болох БНХАУ-ын эдийн засгийн хөгжлийн нөлөө болон дотоодын уул уурхайн салбарын хөгжлийг даган хурдацтай өсөж байна. Гэвч Монгол улсын эдийн засаг нь эрдэс баялагийн экспортоос ихээхэн хамааралтай тул цаашид аж үйлдвэрийг төрөлжүүлэх асуудал тулгамдаж байна. Мөн эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгоход макро эдийн засгийн тогтвортой менежмент шаардагдаж байна.

   Нөгөө талаар, эдийн засгийн хурдацтай өсөлтийн үр шим нийгмийн ядуу давхаргад хангалттай хүрэхгүй байгаа тул ядуурал ба ажилгүйдлийн түвшин урьдын адил өндөр, ялангуяа залуу ажиллах хүчнийг ажлын байраар хангах асуудал тулгамдсан хэвээр байна. Мөн нийслэл Улаанбаатар хотод хүн ам хэт төвлөрч буйгаас үүдэн суурь дэд бүтцийн дутмаг байдал, орчны бохирдол зэрэг асуудлууд урган гарсаар байна.

   Дээрх нөхцөл байдлыг харгалзан Япон улсын Засгийн газрын зүгээс Монгол улсын эдийн засгийн өсөлтийн үр шим бүх давхаргад жигд хүртээмжтэй байх, Мянганы хөгжлийн зорилт зэрэг хөгжлийн бүх бодлого зорилтыг хэрэгжүүлэх, мөн эдийн засгийн тогтвортой, тэнцвэртэй өсөлтийг бий болгоход чиглэсэн Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааг дэмжих чиглэлээр 1. Уул уурхайн тогтвортой хөгжлийг хангах, засаглалыг бэхжүүлэх 2. Бүх хүнд өгөөжтэй өсөлтийг бэхжүүлэх 3. Улаанбаатар хотын чадавхыг бэхжүүлэх гэсэн гурван үндсэн чиглэлд ХАЁТ-аа чиглүүлж байна.

 

      3.    ХАЁТ-ийн цаашдын төлөв

   Монгол улсад үзүүлж буй Японы Засгийн газрын ХАЁТ нь буцалтгүй тусламж ба иений хөнгөлөлттэй зээл гэсэн хоёр хэсэгт хуваагдана. Буцалтгүй тусламж нь хөгжиж буй орнуудын эдийн засаг болон нийгмийн хөгжилд хэрэгцээтэй байгууламжуудыг барьж байгуулахад шаардлагатай  санхүүжилтийг олгодог бөгөөд иргэдийнх нь орлогын түвшин харьцангуй доогуур орнуудад хэрэгждэг. Японы Засгийн газар буцалтгүй тусламж хэрэгжүүлэхдээ олон стандарт, хэм хэмжээг баримталдгийн нэг нь Дэлхийн банкнаас тогтоосон IDA стандарт юм. Уг стандартаар буцалтгүй тусламжид хамрагдах улсын нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 1965 ам. доллараас доош байхаар заасан байдаг. Сүүлийн жилүүдэд Монгол улсын эдийн засаг эрчимтэй өссөнөөр Монголын нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ дээрх стандартаар тогтоосон хэмжээнээс даваад байна. Тийм учраас цаашид Япон улсаас Монгол улсад үзүүлэх эдийн засгийн дэмжлэг дотор буцалтгүй тусламжийн хэмжээ ихээхэн багасах хандлагатай байгаа бөгөөд үүний оронд бага хүүтэй, урт хугацааны иений хөнгөлөлттэй зээл гол үүрэг гүйцэтгэх төлөвтэй байна. Ер нь өнөөгийн Монгол улсад тулгарч буй асуудлууд нь олон салбар, өргөн хүрээг хамрах бөгөөд дан ганц ХАЁТ-аар шийдэхэд хүндрэлтэй юм. Энэ оны 2 дугаар сард Япон-Монголын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт гарын үсэг зурсан нь хоёр улсын эдийн засгийн харилцаа цаашид улам бүр нягтран ойртож, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх, Монголын аж үйлдвэрийн салбар төрөлжин хөгжихөд томоохон түлхэц болох нь дамжиггүй юм. Цаашид Япон улсаас Монгол улсад ХАЁТ үзүүлэхдээ Японы хувийн хэвшлийнхэнтэй өргөнөөр хамтран ажиллах чиг хандлагатай байна.