Нүүр хуудас>Шинэ мэдээ
2010 оны санхүүгийн жилийн “Өвсний үндэс” буцалтгүй тусламжийн хөтөлбөрийн
хүрээнд хэрэгжих 2 төслийн гэрээнд гарын үсэг зурах ёслол боллоо.
3-р сарын 25-ны өдөр, Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Кидокоро Такүо болон Дархан-Уул аймгийн Засаг дарга Г.Эрдэнэбат нар Дархан-Уул аймгийн ЗДТГ-т Япон Улсын Засгийн газраас Монгол Улсад хэрэгжүүлж буй буцалтгүй тусламжийн “Өвсний үндэс – хүний аюулгүй байдлыг хангах” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх 2 төсөл буюу “Дархан-Уул аймгийн Дархан сумын байгаль орчныг хамгаалахад чиглэсэн мод тарих төсөл” болон “Дархан-Уул аймгийн Дархан сумын 1-р цэцэрлэгийн их засварын төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурлаа.
Дээрхи 2 төсөлд нийт 202,687 ам.доллар буюу ойролцоогоор 243,000,000 төгрөгийн санхүүгийн тусламж үзүүлэхээр боллоо.
Өнөөдөр гарын үсэг зурсан нэг төсөл нь цэцэрлэгийн боловсролын орчныг сайжруулахыг зорьж байгаа бөгөөд ирээдүйн Монгол улсыг бүтээн байгуулах хүний нөөцийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах төсөл юм. Нөгөө нэг төсөл нь Дархан-Уул аймгийн иргэдийн амьдрах орчныг сайжруулахын зэрэгцээ, байгаль орчны талаарх мэдлэгийг нь дээшлүүлэхэд хувь нэмэр оруулахуйц төсөл юм.
Ёслолын үеэр БОАЖЯ-ны сайд Л.Гансүх “3 дугаар сарын 11-нд Япон улсад болсон томоохон газар хөдлөлт, цунамигийн улмаас олон хүний амь нас үрэгдэж, эдийн засгийн үлэмж хэмжээний хохирол учирсан явдалд гүн эмгэнэл илэрхийлье. Япон улс богино хугацаанд энэхүү саад бэрхшээлийг даван туулж чадна гэдэгт найдаж байна. Өчигдөр Дарханы усан хангамжийн байгууламжийг сайжруулах төсөл амжилттай дуусч, ажил хүлээн авах ёслолын ажиллагаанд Япон улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Кидокоро хүрэлцэн ирж үг хэлсэн явдалд талархаж байгаагаа илэрхийлье. Өнөөдөр Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд Дархан сумын 1-р цэцэрлэгийн их засвар, мөн мод тарих төсөл батлагдаж хэрэгжихээр болж байгаад туйлын их баяртай байна.” гэж хэлэв.
Дархан-Уул аймгийн Засаг дарга Г.Эрдэнэбат “Юуны өмнө, Япон улсад болсон байгалийн томоохон гамшигийн улмаас хохирол амссан Япон улсын ард иргэдэд чин сэтгэлээсээ эмгэнэл илэрхийлье. Өвсний үндэс хөтөлбөр нь олон жилийн туршид Монголын хөдөө орон нутгийн хөгжлийг дэмжсэн үйл ажиллагаа явуулж маш үр дүнтэй хэрэгжүүлсээр ирсэн. Энэ онд манай аймагт 2 төсөл хэрэгжүүлэхээр болсонд маш их баяртай байна. Дархан-Уул аймгийн нийт ард иргэдийн өмнөөс гүнээ талархаж байгаагаа илэрхийлье.” хэмээв.
Мөн элчин сайд Т.Кидокоро тус гарын үсэг зурах ёслолын үеэр “Холбогдох бүх хүмүүсийн хамтын ажиллагааны хүчээр өнөөдөр гарын үсэг зурсан төсөл амжилттай хэрэгжиж, Монгол улсын боловсролын орчин сайжран цаашлаад Монгол улс улам их хөгжихэд хувь нэмэр болно хэмээн найдаж байна” хэмээн хэллээ.
2010 оны санхүүгийн жил (2010 оны 4 дүгээр сараас эхлэн 2011 оны 3 дугаар сарыг дуустал)-ийн хувьд өдийг хүртэл өнөөдөр гарын үсэг зурсан төслийг оролцуулаад нийт 21-н төсөлд 2,100,000 орчим ам.долларын “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах” хөтөлбөрийн буцалтгүй тусламжийг үзүүлэхээр шийдвэрлээд байна.