Япон улсын иений хөнгөлттэй зээлээр хэрэгжиж буй
"Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төсөл" -ийн
2 дахь шатны зээлийн Солилцох ноот бичигт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ
Япон улсын иений хөнгөлттэй зээлээр хэрэгжиж буй
"Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төсөл" -ийн
2 дахь шатны зээлийн Солилцох ноот бичигт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ
4 дүгээр сарын 16-ны өдөр, Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн нар Гадаад хэргийн яамнаа иений хөнгөлттэй зээлээр хэрэгжиж буй "Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төсөл"-ийн 2 дахь шатны зээлийн Солилцох ноот бичигт гарын үсэг зурав.
Гарын үсэг зурах ёслолын арга хэмжээнд оролцсон Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Японы ард түмэнд талархаж буйгаа илэрхийлээд "Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал Монгол улсын цаашдын хөгжил, цэцэглэлд үнэтэй хувь нэмэр оруулахын зэрэгцээ Монгол, Японы стратегийн түншлэлийн томоохон бэлгэ тэмдэг болно гэдэгт итгэлтэй байна" хэмээн өгүүллээ.
Элчин сайд Т.Шимизү " Энэ удаа олгож буй зээлийн дүн дээр эхний шатны зээлээр олгосон 28 тэрбум 870 сая иенийг нэмвэл нийт өртөг нь 65 тэрбум 657 сая иен буюу монгол мөнгөөр ойролцоогоор 1 их наяд 83.4 тэрбум төгрөг болох юм. Энэ нь 1977 оноос хойш Японы Засгийн газар Монгол улсад Хөгжлийн Албан Ёсны Тусламжийн хүрээнд хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрөөс хамгийн том нь болж байна" хэмээгээд "2017 онд ашиглалтад орохоор төлөвлөгдөж буй олон улсын шинэ нисэх онгоцны буудал нь Монгол улсын нүүр царай, хоёр орны найрамдалт харилцааны бэлгэ тэмдэг болохын зэрэгцээ Монгол улсын хөгжил цэцэглэлтэд ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт бат итгэлтэй байна" хэмээн дурьдсан.
Элчин сайд Т.Шимизү (зүүн), Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн (баруун)
Төслийн танилцуулга
1. Төслийн нэр:
"Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төсөл"-ийн 2 дахь шатны зээл
(New Ulaanbaatar International Airport Construction Project (Ⅱ))
2. Нийт өртөг: 36 тэрбум 850 сая иен (ойролцоогоор 608 тэрбум төгрөг )
3. Төслийн нөхцөл:
1) Зээлийн хүү: Үндсэн хүү : Жилд 0.1%
Зөвлөх үйлчилгээ : Жилд 0.01%
2) Зээлийн хугацаа : 40 жил (Үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацаа 10 жил )
3) Худалдан авалтын нөхцөл : Гүйцэтгэгч компаниар Японы аж ахуйн нэгжийг сонгох
4. Төслийн агуулга:
Энэхүү төсөл нь нийслэл Улаанбаатар хотын ойролцоо олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг барьж байгуулан, хотын нисэх онгоцны буудлын аюулгүй байдал, найдвартай байдлыг сайжруулан, тав тухтай нөхцөлөөр хангах, Монгол улсын эдийн засгийг эрчимтэй хөгжүүлэх зорилготой юм. Энэхүү төслийн зээлийн хөрөнгө нь онгоцны буудлыг барьж байгуулах болон зөвлөх үйлчилгээнд зарцуулагдана. Түүнчлэн, уг төсөл нь STEP буюу Япон улсын техник, технологийг ашиглах нөхцөлтэй тул үүний дагуу Япон улсын техник, технологийг түлхүү ашиглан хэрэгжүүлнэ.