МУИС-ийн Профессор С. Долгор Япон улсын одон хүртэв
2013 оны 12 сарын 9-ний өдөр Япон Улсын Элчин сайдын өргөөнд МУИС-ийн Профессор Сүрэн овогтой Долгорт “Мандах нар” одонгийн “Тууз бүхий Алтан туяа” зэрэглэлийн одон гардуулах ёслолын ажиллагаа болж өнгөрлөө.
Долгор багш Монгол улс социалист нийгмийн тогтолцоотой байсан 1970 оны үед япон хэл сурч байсан анхны оюутны нэг байсан бөгөөд 36 жил Япон хэлний багшаар ажиллахдаа Япон, Монгол хоёр орны өнөөгийн найрсаг харилцааны тулгуур болох олон боловсон хүчнийг бэлтгэсэн юм. Мөн япон хэлний олон сурах бичиг, сургалтын материал зохион, хянан тохиолдуулснаас гадна “Кагүяа гүнж”, “Аалзны шүлс” зэрэг Японы уран зохиолыг орчуулан хүргэх, Монголын Япон хэлний багш нарын холбооны тэргүүний хувиар япон хэлний багш нарыг бэлтгэх өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулж ирсэн.
Долгор багшийн энэхүү өргөн хүрээтэй үйл ажиллагаа нь Япон, Монгол хоёр орны найрамдалт, найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулсныг өндрөөр үнэлэн энэхүү одонгоор шагнах болсон юм.
Япон улсын одонг Долгор багшийг оролцуулаад нийт 9 хүн хүртээд байна.
