Нүүр хуудас>Хоёр улсын харилцаа >Монгол улсад олгох иений зээлийн солилцох Нот бичигт гарын үсэг зурав
Монгол улсад олгох иений зээлийн солилцох Нот бичигт гарын үсэг зурав
2013 оны 11 дүгээр сарын 15
1. 11 дүгээр сарын 15-ны өдөр, Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо Япон улсаас тус улсад суугаа Элчин сайд Такэнори Шимизү, Монгол талаас тус улсын Гадаад харилцааны сайд Л. Болд нар 4.2 тэрбум иений зээлээр “Улаанбаатар хотын дулааны IV цахилгаан станцийн эрчим хүчний үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэхтэй холбогасдуулан Засгийн газар хоорондын солилцох Нот бичигт гарын үсэг зурав.
2. Төслийн танилцуулга
Сүүлийн жилүүдэд Монгол улсын эдийн засгийн эрчимтэй өсөлтийг даган ялангуяа хот суурин газруудын цахилгаан эрчим хүчний эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж байна. Гэвч өнөөгийн дотоодын цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал нь Монгол улсын нийт хэрэгцээг хангаж хүрэхгүйн улмаас тодорхой хэмжээний цахилгаан эрчим хүчийг импортоор авахаас өөр замгүй нөхцөл байдалтай байна. Цаашид Монгол улсын нийт хүн амын 40 гаруй хувь нь оршин суудаг Улаанбаатар хотын ойр орчмын бүсийн эрчим хүчний хэрэгцээ жил бүр 6~7 хувиар өсөн нэмэгдэх төлөвтэй байна. Энэхүү нөхцөл байдлыг шийдэхийн тулд Монгол улсын Засгийн газар одоо байгаа цахилгаан станцуудын үр ашгийг нэмэгдүүлэх болон шинээр цахилгааны эх үүсвэрүүдийг барьж байгуулахаар төлөвлөж байна.
Монгол улсын хамгийн өндөр хүчин чадалтай /580 МВ/ цахилгаан станц болох “ДЦС-4” ТӨХК байгуулагдсанаас хойш 30 жил өнгөрч, энэ хугацаанд станцийн байгууламжууд хуучирсан тул эрчим хүчний бүтээмж буурах, турбинууд гэнэт зогсох зэргээс шалтгаалан цахилгаан эрчим хүчний тогтвортой хангамж доголдох зэрэг асуудлууд тулгарч ирсэн. Монгол улсын цахилгаан эрчим хүчний хангамжийг тогтворжуулахад тус цахилгаан станцийн үр ашгийг нэмэгдүүлэх нь тулгамдсан асуудал болж байна.
Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ энэ оны 3 дугаар сард Монгол улсад айлчлахдаа энэ төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлж, улмаар Монгол улсын Ерөнхий сайд Н. Алтанхуяг 9 дүгээр сард Япон улсад айлчлах үеэрээ гарын үсэг зурсан “Япон Монголын Стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөр”-т төслийг хэрэгжүүлэхээр тусгасан ба төслийн хүрээнд дулааны IV цахилгаан станцийн турбины удирдлагын системүүдийг шинэчилж, бойлеруудын шаталтын үр ашгийг дээшлүүлэх зориулалттай нэмэлт төхөөрөмжүүдийг суулгах юм. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр тус цахилгаан станцийн үр ашиг нэмэгдэж, цахилгаан эрчим хүчний хангамж тогтворжин, Монгол улс дотоодын цахилгаан эрчим хүчний хэрэгцээгээ тогтвортой, оновчтой хангах нөхцлийг бүрдүүлэхэд хувь нэмэр оруулна хэмээн найдаж байна.
3. Зээлийн нөхцөл:
Хүү: Жилийн 0.3 хувь
Эргэн төлөлтийн хугацаа: 40 жил /Үүнээс эхний 10 жилд эргэн төлөлтөөс чөлөөгдөнө/
Худалдан авалтын нөхцөл: Чөлөөт
Япон улсын Элчин сайдын яам