Нүүр хуудас>Хоёр улсын харилцаа >Ерөнхий боловсролын сургуулийн барилга барих дөрөв дэх шатны төсөл

 

Ерөнхий боловсролын сургуулийн барилга барих дөрөв дэх шатны төсөл
122 дугаар сургуулийн барилгыг хүлээлгэн өгөх ёслол

 

 

   10 дугаар сарын 11-ний өдрийн 10 цаг 30 минутад Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй “Ерөнхий боловсролын сургуулийн барилга барих 4 дэх шатны төсөл”-ийн хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт баригдсан 122 дугаар сургуулийн барилгыг хүлээлгэн өгөх ёслол зохион байгуулагдаж, Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Т.Шимизү оролцов.

   Монгол улсад Улаанбаатар хот руу чиглэсэн хүн амын шилжилт хөдөлгөөн тасрахгүй байгаа болоод сургуульд элсэн орох насыг шинэчлэн тогтоосноос үүдэн сурагчдын тоо нэмэгдэж байгаагаас хамааран ерөнхий боловсролын сургуулийн анги танхимын тоо хангалтгүй, шинээр сургууль барих асуудал тулгамдаж байна.

 

121school_1   

    

   Япон улсын Засгийн газраас Монгол улсад хэрэгжүүлж буй “Ерөнхий боловсролын сургуулийн барилга барих” төсөл нь 1999 оноос эхэлсэн бөгөөд өнөөг хүртэл Улаанбаатар хотод 45, Орхон аймагт 7, Дархан-Уул аймагт 3, нийт 55 сургуулийн 668 анги танхимыг барьж, сургалтын үндсэн хэрэглэгдэхүүний хамт хүлээлгэн өгөөд байна. 2009-2013 онд хэрэгжүүлсэн энэхүү төслийн дөрөв дэх шатны хүрээнд Улаанбаатар хотод 12 сургууль шинээр барьсан бөгөөд эдгээрийн 11 дэх нь энэхүү 122 дугаар сургууль юм. Тус сургуулийн барилга нь 4 давхар, нийт 16 анги танхимтай бөгөөд биеийн тамрын заалыг хамтад нь шинээр барьсан болно.

 

 

121school_2

 

   Арга хэмжээнд оролцсон Боловсрол, шинжлэх ухааны яамны хэлтсийн дарга ноён н.Мөнхбаяр “122 дугаар сургууль нь хамгийн олон сурагчтай Сонгинохайрхан дүүрэгт баригдаж, нээлтээ хийж буйд туйлын баяртай байна. Япон Улс нь Монгол Улсын гуравдагч хөрш, Монгол улстай стратегийн түншлэл бүхий орны хувьд хүүхэд залуусын ирээдүйд чухал ач холбогдолтой тусламжийг үзүүлж ирсэн бөгөөд энэхүү тусламж, хамтын ажиллагаа нь Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хэрэгжүүлж буй “Эрдэм боловсролтой монгол хүн” хөтөлбөрийн үйл ажиллагаанд ч нийцэж байгаа юм. Ийнхүү шинэ сургуульдаа сурагч хүүхдүүд маань хичээл сурлага, урлаг спортын өндөр амжилт гаргана хэмээн найдаж байна. Япон улсын ард иргэдэд талархаж буйгаа илэрхийлье” хэмээн мэндчилэв.

 

   Япон улсын Засгийн газар нь “Монгол улсын иргэн бүрт өгөөжтэй эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чиглэсэн хамтын ажиллагаа”-г Монгол улсад үзүүлэх тусламжийн хөтөлбөрийн үндсэн нэг чиглэл болгон баримталж буй бөгөөд боловсролын салбарт тулгуурласан нийгмийн суурь үйлчилгээг бэхжүүлэхэд цаашид ч дэмжлэг үзүүлэн хамтарч ажиллах  болно.

 

 performance school