Нүүр хуудас>Хоёр улсын харилцаа >2013 оны санхүүгийн жилийн "Өвсний үндэс" хөтөлбөр
"Өвсний үндэс" хөтөлбөрийн буцалтгүй тусламжийн
төслүүдийн гэрээнд гарын үсэг зурах ёслол боллоо.
9 дүгээр сарын 18-ны өдөр, Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Такэнори Шимизү нь Дорнод аймгийн Чойбалсан хотод айлчилж, Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр (*1)”-ийн хүрээнд хэрэгжүүлэх “Дорнод аймгийн Хэрлэн сумын 2-р сургуулийн дотуур байр барих төсөл” болон “Дорнод аймгийн Политехник коллежийн засварын төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурлаа.
Дээрхи 2 төсөлд нийт 229,462 ам.доллар буюу ойролцоогоор 383,201,540 төгрөгийн санхүүгийн тусламж үзүүлнэ. Эдгээр 2 төсөл нь Боловсролын салбарт хэрэгжих бөгөөд сурагчдын сурах мөн амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилготой төслүүд юм.
Ёслолын үеэр аймгийн Засаг даргын орлогч Л.Хишигтогтох хэлэхдээ “Өнөөдөр баталгаажуулж буй Хэрлэн сумын 2 дугаар сургуулийн дотуур байр барих болон Политехникийн коллежийн их засварын ажлууд нь төслийн үндсэн зорилгыг хангаж бидний хамтын ажиллагаа улам өргөжихийн зэрэгцээ боловсролын салбарт хийгдэж буй эдгээр хөрөнгө оруулалт хүүхэд залуусаар дамжин манай аймгийн хөгжлийн ирээдүйн дүр төрхийг тодорхойлно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлье” хэмээв.
Эцэст нь Элчин сайд Такэнори Шимизү “Дорнод аймагт хэрэгжих энэ хоёр төсөл нь “Дунд хугацааны хөтөлбөр (*2)” баталсны дараагаар гарын үсэг зурж буй анхны төсөл гэдгээрээ онцгой юм. Энэхүү “Дунд хугацааны хөтөлбөр”-т “Хоёр улсын засгийн газар нь бага, дунд сургуулийн орчныг сайжруулах чиглэлээр хамтран ажиллана” гэж тусгасан байгаа. Цаашид ч энэхүү салбарт хэрэгжүүлэх хамтын ажиллагаанд хувь нэмэр оруулна гэдгээ дахин илэрхийлье” хэмээв.
(*1) Япон улсын Засгийн газар 1989 оноос эхлэн “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж ирсэн. Хөгжиж буй орнуудын орон нутгийн засаг захиргааны байгууллага, боловсрол болон эрүүл мэндийн байгууллагуудаар дамжуулан хэрэгжүүлдэг энгийн ард иргэдэд шууд үр ашгаа өгөх, иргэдийн хэрэгцээнд тулгуурласан тусламжийг үзүүлэх төсөлд Япон улсын Элчин сайдын яамдууд голлон санхүүгийн тусламж үзүүлдэг.
(*2) 2013 оны 9-р сард Монгол улсын ерөнхий сайд Н.Алтанхуяг Японы ерөнхий сайд Абэтэй хийсэн дээд хэмжээний уулзалтын үеэр хоёр улсын стратеги түншлэлийг бэхжүүлэх “Дунд хугацааны хөтөлбөр”-ийг баталсан юм.
Элчин сайд Шимизү болон Дорнод аймгийн Засаг даргын орлогч
Л.Хишигтогтох нар төслийн гэрээнд гарын үсэг зурж байгаа нь
Элчин сайд Шимизү Дорнод аймгийн Засаг даргын
орлогч Л.Хишигтогтох болон төслийн холбогдох
хүмүүсийн хамт