Нүүр хуудас>Хоёр улсын харилцаа > 2013 оны санхүүгийн жилийн "Өвсний үндэс" хөтөлбөрийн буцалтгүй тусламжийн төслүүдийн гэрээнд гарын үсэг зурах ёслол боллоо.

 


2013 оны санхүүгийн жилийн "Өвсний үндэс" хөтөлбөрийн буцалтгүй тусламжийн төслүүдийн гэрээнд гарын үсэг зурах ёслол боллоо.

 

 

 8 сарын 20-ны өдөр, Элчин сайд Такэнори Шимизү, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболд, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсан болон Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд нар Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын өргөөнд “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 74-р сургуулийн дотуур байрны их засварын төсөл”, “Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 116-р сургуулийн их засварын төсөл” болон “Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 5-р сургуулийн засварын төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурлаа.

 

 Гарын үсэг зурсан 3 төсөл нь ерөнхий боловсролын сургуулийн болон дотуур байрны барилга, байгууламжийг засварлах төсөл бөгөөд нийт тусламжийн өртөг  330,129 ам.доллар буюу 512,690,337 төгрөг  болж байна.

 

 Ёслолын үеэр Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболд хэлэхдээ “Япон улсын Өвсний Үндэс буцалтгүй тусламжийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооны 74-р сургуулийн дотуур байр засах гэрээнд гарын үсэг зурлаа. 74-р сургууль бол хотын төвөөс хол байрладаг учир хүүхдүүд дотуур байранд байрлах шаардлагатай байдаг. Хүүхдүүдэд тохилог, сайхан дотуур байртай болоход дэмжлэг үзүүлж байгаа Япон улсын Засгийн газарт маш их талархаж байна” хэмээв.

 

 Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсан хэлэхдээ “Өвсний Үндэс хөтөлбөрөөр 116-р сургуульд засвар хийхээр болж, гэрээнд гарын үсэг зурж байгаад туйлын баяртай байна. Японы Засгийн газар боловсролын салбарыг дэмжиж байгаад Япон улсын Засгийн газар болон Японы ард түмэнд талархаж буйгаа илэрхийлье.” хэмээв.

 

 Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд хэлэхдээ “Өнөөг хүртэл Өвсний Үндэс хөтөлбөрөөр олон сургууль, цэцэрлэгийг шинээр барьж, засварлаж ирсэн билээ. Японы ард түмэн болон Японы Элчин сайдын яамны хамт олонд хүүхэд багачууд төдийгүй тэдний эцэг, эх асран хамгаалагчдын нэрийн өмнөөс талархаж буйгаа илэрхийлье” хэмээв.

 

 Эцэст нь Элчин сайд Т.Шимизү “Өнөөдөр гарын үсэг зурсан төслийн хүрээнд хотын төвөөс 60км алслагдсан 74-р сургуулийн дотуур байр, харааны бэрхшээлтэй хүүхдэд тусгай боловсрол олгодог 116-р сургууль болон 2,000 гаруй хүүхэд сурдаг хотын төвийн 5-р сургуульд засвар хийгдэнэ. Эдгээр төсөл Монгол улсын хүн амын тэн хагас нь амьдардаг Улаанбаатар хотын хүүхэд багачуудын боловсролын орчинг сайжруулахад хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” хэмээв.

 

 Дээрхи 3 төслийг хэрэгжүүлснээр 2013 оны санхүүгийн жилд “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй төслийн тоо 7 болж байгаа бөгөөд нийт 748,517 ам.доллар буюу 1,162,446,901 төгрөг болох юм.

 

                               


Элчин сайд Шимизү Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболд

болон төслийн холбогдох хүмүүсийн хамт

                                                          
 

Элчин сайд Шимизү Сүхбаатар дүүргийн Засаг дарга
Д.Бадарсан болон төслийн холбогдох хүмүүсийн хамт

  

Элчин сайд Шимизү Чингэлтэй дүүргийн Засаг дарга  Д.Ганболд

болон төслийн холбогдох хүмүүсийн хамт