Нүүр хуудас>Хоёр улсын харилцаа >Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр (JDS)-ийн 12-дахь ээлжийн оюутнуудын үдэлтийн арга хэмжээ

 


Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр (JDS)-ийн 12-дахь ээлжийн оюутнуудын үдэлтийн арга хэмжээ

 

 Энэ сарын 9-ний өдөр Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шимизү  Такэноригийн зүгээс зохион байгуулж буй “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт  хөтөлбөр”-ийн 12-дахь  ээлжийн оюутнуудын үдэлтийн хүлээн авалтын арга хэмжээ Элчин сайдын өргөөнд боллоо.

 Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр нь Япон улсын Засгийн газрын “100,000 гадаад оюутан сургах хөтөлбөр”-ийн хүрээнд 1999 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн буцалтүй тусламжийн хөтөлбөр юм. Өдгөө энэхүү хөтөлбөр нь Зүүн Өмнөд Азийн 13 оронд  хэрэгжиж байгаа бөгөөд хөтөлбөрт өнөөг хүртэл нийт 2,700 гаруй  оюутан хамрагдан  Япон улсад суралцаад байна.

 Уг хөтөлбөр нь Монгол улсад 2001 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд  өнөөг  хүртэл нийт 209 хүн Япон улсад суралцаад байна. Тэднээс 182  оюутан төгсөж ирээд Засгийн газрын холбогдох байгууллага, Шинжлэх Ухааны Академи, Их дээд сургуулиуд, Монгол  банк зэрэг нийгмийн олон салбарт үр бүтээлтэй ажиллаж байна.

      JDS-ийн 12-дахь  ээлжийн оюутнуудаас Кэйогийн их сургуульд 2, Кюшюгийн их сургуульд 4, Олон улсын их сургуульд 5, Мэйжигийн их сургуульд 3, Хирошимагийн их сургуульд 2, Цүкүбагийн их сургуульд 2 нийт 18 оюутан тус тусын мэргэжлээр магистрт  2 жилийн хугацаатай суралцана.

 Үдэлтийн арга хэмжээнд JDS хөтөлбөрийн 12 дахь ээлжийн оюутнуудаас гадна  тэдний дарга нар, энэ хөтөлбөрт оролцон төгсөж ирсэн оюутнууд зэрэг 50 гаруй зочид төлөөлөгчид оролцсон бөгөөд энэ жил явах оюутнуудыг төлөөлөн Д.Энхбаяр мэндчилгээ дэвшүүлэхдээ  “Япон улсын жирийн иргэд, хөдөлмөрчид, татвар төлөгчдийн хөлс хүчээр хэрэгжиж буй уг хөтөлбөрийн зорилгыг сайтар ухамсарлаж, Япон улсын хууль тогтоомж, ёс заншил, өв уламжлалыг хүндэтгэн дагаж, хоёр орныхоо хамтын ажиллагааг бэхжүүлж, бие сэтгэлээ бүрэн дайчлан сайн суралцахаа нийт суралцагчдынхаа өмнөөс амлаж байна” хэмээн дурдсан.


 Энэхүү хөтөлбөрийн шугамаар суралцах оюутан залуус ирээдүйд тус тусын салбарт үр бүтээлтэй ажиллаж, хоёр орны харилцан ойлголцол, найрамдалт харилцааг улам бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна.

 

jds1