Нүүр хуудас>Хоёр улсын харилцаа > “Улаанбаатар хотын шинэ олон улсын нисэх онгоцны буудлыг барих төсөл”-ийн нээлт

 

Хөнгөлөлттэй зээл

"Улаанбаатар хотын шинэ олон улсын нисэх онгоцны буудлыг барих төсөл"-ийн нээлт

 

 6-р сарын 12-ны өдөр, Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэр, Хөшигийн хөндийд Япон улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжих “Улаанбаатар хотын шинэ олон улсын нисэх онгоцны буудлыг барих төсөл”-ийн нээлт зохион байгуулагдаж, тус Элчин сайдын яамнаас Элчин сайд Шимизү, Монгол талаас Ерөнхий сайд Н. Алтанхуяг тэргүүтэй холбогдох албан тушаалтнууд оролцов.

 

121school_1   

 

 

        

 Сүүлийн жилүүдэд Монгол улсын эдийн засаг эрчимтэй өсч, уул уурхай болон үйлчилгээний салбаруудад чиглэсэн хөрөнгө оруулалт нэмэгдэж буйг дагалдан Монгол улсад зорчих гадаадын иргэдийн тоо эрс нэмэгдэж байна. Чингис хаан нисэх онгоцны буудлын олон улсын нислэгээр үйлчлүүлэгдчийн тоо 10 жилийн өмнөхтэй харьцуулахад даруй 2 дахин нэмэгдсэн бөгөөд цаашид ч олон улсын нислэгийн хэрэгцээ шаардлага өсөн нэмэгдэх төлөвтэй байна.


 Төслийн нээлтэнд Ерөнхий сайд Н. Алтанхуяг, Зам тээврийн сайд А. Гансүх, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч. Сайханбилэг болон Барилга, хот байгуулалтын сайд Ц. Баярсайхан нар оролцлоо. Ерөнхий сайд Н. Алтанхуяг “Одоо ашиглагдаж буй Чингис хаан нисэх буудлаар жилд нэг сая орчим зорчигч үйлчлүүлж байна. Цаашид улс орны хөгжилтэй уялдан агаарын тээврийн хэрэгцээ шаардлага улам нэмэгдэх тул шинэ олон улсын нисэх онгоцны буудлыг байгуулах зайлшгүй шаардлагатай юм. Япон улсын Ерөнхий сайд манай улсад айлчлах үеэр хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаатай холбоотой олон асуудал хэлэлцсэний дотор энэхүү шинэ нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтын ажлыг нэн даруй эхлүүлэх нь зүйтэй гэж хоёр тал санал нэгдсэн. Монгол Япон хоёр орны найрамдалт харилцааны бэлгэ тэмдэг болох учиртай энэхүү олон улсын нисэх онгоцны буудлыг Чингис бондын мөнгөөр биш, Япон улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр барьж байгуулна. Ийнхүү орчин үеийн дэвшилтэт технологийг ашигласан, олон улсын стандартад нийцсэн шинэ нисэх онгоцны буудлыг барьж байгуулахад дэмжлэг туслалцаа үзүүлж буй Япон улсын Засгийн газар болон Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайд ноён Шимизүд энд талархал илэрхийлье. Энэхүү нисэх буудал нь цаашид Ази Европыг холбох гол цэг болох ач холбогдолтой гэх зэрэг олон давуу талуудыг харгалзан үзэж, Засгийн газрын зүгээс дэмжих шийдвэр гаргасан юм” хэмээн үг хэлэв.


  121school_2



     Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал баригдсанаар гадаад дотоод бараа эргэлт тогтворжин үр ашиг нь нэмэгдэж, Улаанбаатар хот орчмын бүс нутгийн эдийн засгийн үйл ажиллагаа эрчимжихэд дэмжлэг болох бөгөөд цаашид Монгол улсын эдийн засаг улам бүр өсөн хөгжихөд зохих хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж байна.

Төслийн товч танилцуулга
Төслийн нэр: Улаанбаатар хотын шинэ олон улсын нисэх онгоцны буудлыг барих төсөл
Нот бичиг солилцсон огноо: 2008 оны 3-р сарын 30
Зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурсан огноо: 2008 оны 5-р сарын 1
Зээлийн хэмжээ: 28 тэрбум, 807 сая иен
Төслийн агуулга: Хөөрөх буух нэг зурвас байгуулах (3600 метр), зорчигч үйлчилгээний терминал байгуулах (33 300 метр квадрат) зэрэг
Гүйцэтгэгчээр Мицүбиши болон Чиёда корпорациудын түншлэл шалгарсан
Гүйцэтгэх хугацаа: 2016 оны 12-р сард бүрэн дуусгахаар төлөвлөсөн

 

 

121school_3