Нүүр хуудас>Хоёр улсын харилцаа >Япон улсын Ерөнхий Сайд Абэ Шинзогийн Монгол дахь айлчлал
Монгол улсын Ерөнхий сайд Н. Алтанхуягийн барих оройн зоогийн үеэр
Япон улсын Ерөнхий сайд Ш. Абэгийн хэлэх үг
Монгол улсын Ерөнхий сайд Эрхэмсэг ноён Н. Алтанхуяг Та намайг оройн зоогт урьж, халуун дотноор хүлээн авсанд талархал илэрхийлье. Мөн энд хүрэлцэн ирсэн Та бүхэнтэй уулзаж байгаадаа баяртай байна.
Монголд ч, Японд ч “Зовох цагт нөхрийн чанар” гэж ярьцгаадаг. Японы Ханшин-Аважи, Нийгата-Чүүэцү болоод Зүүн Хойд бүс нутагт болсон хүчтэй газар хөдлөлтөд Монгол улс халуун гараа сунгасныг, сайхан сэтгэлээр дэмжиж байсныг бид мартахын аргагүй билээ.
Нэн ялангуяа, Японы Зүүн Хойд бүс нутагт болсон байгалийн гамшигт Монголын төрийн албан хаагчид нэг өдрийн цалингаа хандивласан гэдгийг сонсоод надаас эхлээд олон япон хүмүүс гайхахын зэрэгцээ сэтгэлдээ талархаж байсан. Та бүхний гаргасан халуун дулаан сэтгэлд дахин талархлаа илэрхийлье. Маш их баярлалаа.
Би үүний өмнө нь дурьдсан 3 үзэл санааны тухай дахин хэлэхийг хүсч байна. Энэ бол бид цаашдын харилцаагаа “Эрх чөлөө ба ардчиллын үзэл санаа”, “Энх тайвны үзэл санаа”, “Харилцан туслалцах үзэл санаа” гэсэн 3 үзэл санаанд тулгуурлан өргөжүүлцгээе гэсэн утгатай үг юм. Япон, Монгол хоёр улс нэгэн адил үнэт зүйлсээр холбогддог хамтрагчид билээ. Харилцан туслалцаж, бие биенээ нөхөн “Стратегийн түншлэл”-ээ улам бүр бэхжүүлэхийг хүсч байна.
Саяхан би Монголд олон сайхан зүйр үг байдгийг мэдэж авлаа.
“Уулыг өндөр гэж бүү няц, явбал давна. Ажлыг их гэж бүү шантар, хийвэл дуусна”. Энэ үгийг би “Ажлыг эхлүүлэх нь чухал, нэгэнт эхэлсэн ажлаа цааш нь үргэлжлүүлбэл заавал дуусдаг юм” гэж хувьдаа ойлгож байна.
Энэ бол ардчилсан орны хэцүү бэрх асуудлыг сөрж буй улстөрч бидэнд зориулж хэлсэн зүйр үг мэт санагдаж байна. Ялангуяа эрх чөлөөг хүндлэн, ардчиллыг эрхэмлэн, хүний эрх болоод хуулийг дээдлэн 20 гаран жилийг туулсан Монголчууд Та бүхний амьдралыг энэ үг тодорхойлж байсан гэж бодогдоно.
Ардчилал бол бүрэн төгс засаглал биш. Зорьсон бүхэндээ дөт замаар хүрдэггүй. Гурван алхам урагш алхлаа гэж бодтол хоёр алхам хойш ухарсан байх жишээ олон байдаг.
Гэсэн хэдий ч, сайтар тунгаан үзвэл, ардчиллаас илүү сайн арга зам үгүй гэдгийг япончууд бид яс махандаа шингэтэл мэдэрсэн билээ.
Энэ замыг туулж ирсэн Япон орноос ирсэн хүний хувьд Монгол хэмээх хүчтэй хамтрагчтайгаа алхаа нийлүүлж байгаадаа туйлын их баяртай байна. Цаашид өмнө тулгарсан олон асуудлаа шийдвэрлэн ажиллахдаа, миний дэргэд эрх чөлөө ба ардчилал, хүний эрх ба хуулийг дээдэлдэг хамтрагч байгаа гэсэн бодлыг би тээж явах болно.
Хэлэлцээний үеэр Улс төр-аюулгүй байдлын салбар дахь стратегийн яриа хэлэлцээ, эдийн засгийн харилцаа, хүн солилцоо гэсэн 3 асуудал дээр голлон анхаарч, хүчин чармайлт гарган ажиллах тухай ярилцлаа.
Монгол улсын эдийн засгийг тогтвортой хөгжүүлэх, мөн Японы хөрөнгө оруулалтыг улам бүр нэмэгдүүлэх зорилго бүхий санаачлагыг япон хэлний “Кацүрёкү” буюу монгол хэлээр ”Эрч” гэдэг үгийг үндэс болгон “Эрч инишиатив” хэмээн нэрлэсэн нь олон үр дүн бүхий арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг хүссэнтэй холбоотой.
Гэсэн хэдий ч, амьдралыг нэгэн амьсгаагаар өөрчлөх нь тийм ч амар биш билээ. Гаднаас хүн, эд бараа, мөнгө гэнэт ихээр орж ирэхэд өөрийн эрхгүй болгоомжлол төрдөг болов уу. Энэ цаг үед Та бүхэн байгалийн баялагаа хэрхэн ашиглах талаар өргөн хэлэлцүүлэг явуулж байгаа.
Ийм үед л чухамхүү сайтар боловсруулсан дүрэм журамтай болох нь нэн чухал гэж бодож байна. Энэ дүрэм журам нь ил тод, хуулийн дагуу маргааныг шийдвэрлэдэг зарчимтай байх аваас бурхнаас заяасан газрын баялгаа Та бүхний үр хүүхэд, хойч үеийнхэн үр дүнтэй ашиглана гэдэгт эргэлзэхгүй байна.
Ийм найдвартай тогтолцоог бүрдүүлсэн байх аваас Монголд орж ирэх хүсэлтэй Японы компани улам бүр нэмэгдэнэ гэж бодож байна.
Японтой байгуулах Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр нь Та бүхэнд дэлхийд тэргүүлэх дүрэм, журам болоод бүрдүүлэлтийн арга барилтай болох боломжийг олгоосой хэмээн хүсч байна.
Нийгмийн өөр тогтолцоонд шилжсэн улс орнуудаас Монгол улс л эрх чөлөө ба ардчилал, хуулийг дээдлэх зарчмыг эрхэмлэдэг улс орны хамгийн тэргүүн эгнээнд зогсож байгаа гэж бодож байна. Мөн өргөн уудам талдаа дасан зохицсон алсын хараатай хүн монголчуудаас өөр байхгүй болов уу. Иймээс яарч сандралгүй, тууштай урагшлах аваас хорвоогийн зах хязгаарт хүрэх боломжтой. Бид ийнхүү хөгжиж буй Монгол улстай алхаа нийлүүлэхийг хүсч байна.