Нүүр хуудас>Хоёр улсын харилцаа >



Улаанбаатар дахь Дипломат корпусын төлөөлөгчдийн газрын тэргүүн нарт
Монгол Улсын Төр, Засгийн тэргүүн нар шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэв

 

2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр

 

   1 сарын 15-ны өдөр Улаанбаатар дахь Дипломат корпусын төлөөлөгчдийн газрын тэргүүн нарыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн нар хүлээн авч шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэв.


   Дипломат корпусын ахлагч болох Элчин сайд Т.Шимизү Улаанбаатар дахь Дипломат корпусын төлөөлөгчдийн газрын тэргүүн нарыг төлөөлөн Төр, Засгийн тэргүүн нарт хандан хэлсэн үгийг бүрэн эхээр нь доорхийн дагуу хүргэе.


(Жич: Холбоотой мэдээллийн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын цахим хуудсаар орж үзнэ үү.)



Төр, засгийн тэргүүнүүдэд шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэх үеэр
Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд
бөгөөд Дипломат корпусын ахлагч Т.Шимизүгийн хэлэх үг



   Монгол улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга Эрхэмсэг ноён З.Энхболд, Ерөнхий сайд Эрхэмсэг ноён Ч.Сайханбилэг, Гадаад хэргийн сайд Эрхэмсэг ноён Л.Пүрэвсүрэн
   Хатагтай ноёдоо

   Юуны өмнө, та бүхэнтэй учран шинэ оны мэндчилгээ дэвшүүлэх энэ завшааныг олгосонд Монгол улс дахь Дипломат корпусын нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.

   Улиран одсон 2015 оныг Монгол улс 3 сая дахь иргэнээ хүлээн авсан онцгой үйл явдлаар угтсан билээ. 7 сард ардчиллын үндсэн үнэт зүйлийн нэг болох анхны Ардчилсан сонгуулийн 25 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэсэн. Өнгөрсөн жилийн турш өндөр дээд хэмжээний зочид төлөөлөгчдийн олон айлчлал хийгдэн гадаад харилцааны хувьд ололт амжилтаар дүүрэн жил боллоо хэмээн дүгнэж байна. Мөн 10 сард НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн сонгуульд Монгол улс 172 орны саналаар тус зөвлөлийн гишүүнээр сонгогдсонд баяр хүргэхийн сацуу цаашдын үйл ажиллагаанд өндөр амжилтыг хүсэн ерөөе.

   Эдийн засаг, санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал үргэлжилсээр байгаа хэдий ч, үүнийг даван туулахын тулд чамгүй идэвх чармайлт гарган ажиллаж байгаа ба макро эдийн засгийн үзүүлэлтэд зарим ахиц ажиглагдаж байна. Өнгөрсөн оны эцэст анхаарлын төвд байсан Оюу Толгойн далд уурхайн Төслийн санхүүжилтийн баримт бичигт гарын үсэг зурсан нь гадаадын хөрөнгө оруулагчдад томоохон сурталчилгаа болсон бөгөөд цаашид гадаадын хөрөнгө оруулалт сэргэх аваас монголын эдийн засаг сайжрах нь ойлгомжтой.

   Энэ оны 7 сард болох АСЕМ-ийн дээд түвшний уулзалтын хүрээнд Монголд олон уулзалт зохион байгуулагдана хэмээн ойлгож байна. Монгол улс энэхүү өргөн цар хүрээтэй, өндөр дээд түвшний олон улсын уулзалтыг анх удаа даргалах эрхийг хүлээн авсан. АСЕМ-ын 20 жилийн тэмдэглэлт ой тохиож буй энэ жилийн дээд хэмжээний уулзалтыг амжилттай зохион байгуулах нь АСЕМ-ын хүрээн дэх бүс нутгийн яриа хэлэлцээ, хамтын ажиллагаанд Монгол улс хувь нэмрээ оруулаад зогсохгүй олон улсын хамтын нийгэмлэг дэх нэр хүнд, байр сууриа дээшлүүлэх өндөр ач холбогдолтой сайхан завшаан болно. Иймд хамт олныхоо өмнөөс АСЕМ-ын дээд түвшний уулзалт амжилттай болохын ерөөлийг дэвшүүлье.

   Мөн ирэх 6 сард УИХ-ын сонгууль болох бөгөөд уг сонгуулийн дүн Улаанбаатар хот дахь Дипломат корпусын төдийгүй олон улсын хэмжээнд анхаарлын төвд байх нь дамжиггүй. Сонгууль тэгш эрх, шударга ёсны зарчимд тулгуурлан амжилттай явагдана гэдэгт итгэлтэй байна. Үүний сацуу, сонгуулийн үеэр төрийн ажил саатаж тасралгүй явагдах, сонгуулийн дараа шинэ засгийн газраа түргэн шуурхай эмхлэн байгуулах, Монгол улсын Засгийн газрын бодлогын залгамж чанарыг хадгалах нь бидний төлөөлж буй найрсаг харилцаатай орнуудын Засгийн газар, олон улсын байгууллагатай цаашид өрнүүлэх хамтын ажиллагааг үр өгөөжтэй болгоход маш чухал болохыг анхаарна хэмээн найдаж байна.

   Эцэст нь, 2016 ондоо Та бүхэнд эрүүл энх, аз жаргалтай, сайн сайхан явахыг хүсэхийн зэрэгцээ Монгол улс, Монголын ард түмэнд хөгжин цэцэглэхийн ерөөлийг өргөн дэвшүүлье.

   Анхаарал тавьсанд баярлалаа.


2016 оны 1-р сарын 15
Улаанбаатар хот