Нүүр хуудас>Хоёр улсын харилцаа >
Япон улсын Гадаад хэргийн сайдын өргөмжлөл гардуулах
ёслолын арга хэмжээ боллоо
2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр
12 дугаар сарын 9-ний /Лхагва/ өдрийн 12:30 цагаас Япон улсын Элчин сайдын өргөөнд Япон улсын Гадаад хэргийн сайдын 2015 оны өргөмжлөл гардуулах ёслолын арга хэмжээг зохион байгууллаа.
Уг өргөмжлөлийг жил бүр Япон улс, Монгол улсын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хувь хүн болон байгууллага хамт олонд олгодог бөгөөд энэ удаа дор дурдсан 2 хүнд олгохоор шийдвэрлэсэн юм. Үүнд:
・ Япон хэлний орчуулагч Раднаагийн Баттогтох
Тэрээр Монгол Улсын Их Сургуулийг япон хэлний мэргэжилээр төгссөн анхны мэргэжилтэнүүдийн нэг бөгөөд япон хэлний өндөр мэдлэгээ ашиглан ХАЁТ-аар байгуулагдсан "Говь ноолуурын үйлдвэр"-ийн төслийн орчуулагчаас гадна тухайн үеийн хүнс, хөнгөн үйлдвэрийн яам болон хувийн хэвшилд орчуулагчаар ажиллаж байсан. Түүнээс хойш их, дээд сургуульд япон хэлний багшаар ажиллахаас гадна өнөөг хүртэл толь сурах бичиг зэрэг олон тооны орчуулгын бүтээлүүдийг хэвлүүлсэн байна. Энэ мэтчилэн үйл ажиллагаагаараа дамжуулан хоёр орны харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, Монгол дахь япон хэл судлал, япон хэлний боловсролыг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан.
・ МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн салбарын Ази судлалын тэнхимийн багш, профессор Тангаагийн Мөнхцэцэг

Монгол болон Японы түүх, хоёр орны түүхийн судалгааг гол болгон хийсэн судлагааны ажилуудаас гадна өөр олон бүтээлүүдээ танилцуулж, Японы талаарх монголчуудын ойлголтыг гүнзгийрүүлэхэд хувь нэмрээ оруулсан. Мөн япон хэлний боловсролын хувьд ч хоёр орны ирээдүйг авч явах шилдэг боловсон хүчнийг бэлдэхэд төдийгүй япон хэл заах арга зүйг бий болгоход хүчин зүтгэж ирсэн бөгөөд япон судлалыг дэлгэрүүлэх зорилгоор "Монголын япон судлалийн нийгэмлэг"-ийг үүсгэн байгуулж дэд тэргүүнээр ажиллаж байна. Ардчиллын өмнөх жилүүдээс эхлээд олон жилийн турш Монгол дахь япон судлал, япон хэл судлал, япон хэлний боловсролыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан.
Энэхүү ёслолын ажиллагаанд өргөмжлөл хүртэгсдийн гэр бүл, хамтран зүтгэгч нар оролцсон бөгөөд Элчин сайд Такэнори Шимизү өргөмжлөл хүртсэн хүн бүрийн өнөөг хүртэл оруулсан гавьяа зүтгэлийг онцлон тэмдэглээд өргөмжлөл болон дурсгалын зүйл гардуулав.