Нүүр хуудас>Хоёр улсын харилцаа >
2015 оны Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын
өргөмжлөл гардуулах ёслолын арга хэмжээ боллоо
2015 оны 12 дугаар сарын 4-ний өдөр
12 дугаар сарын 2-ны Лхагва гарагийн 12 цагаас 2015 оны Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын өргөмжлөл гардуулах ёслолын арга хэмжээг зохион байгууллаа. Уг өргөмжлөлийг жил бүр Япон улс, Монгол улсын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хувь хүн болон байгууллагуудад олгодог бөгөөд энэ жилийн тухайд доорх нэр бүхий 8 хүнд олгохоор шийдвэрлэсэн юм. Үүнд:
・Кёодо цүүшин агентлагийн УБ дахь төлөөлөгч Чүлтэмийн Намчин
Японы хэвлэлийн томоохон байгууллагуудын нэг болох Кёодо цүүшин агентлагийн УБ дахь төлөөлөгч, сурвалжлагчаар олон жил ажиллаж Монгол улстай холбоотой мэдээ мэдээллийг идэвхитэй дамжуулан, Японы ард түмэнд хүрэх Монгол орны тухай мэдээллийг хэмжээ болон чанарын өндөр түвшинд хүргэн, хоёр орны харилцаанд тодорхой хувь нэмрээ оруулсан.
・Шинэ Монгол бүрэн дунд сургуулийн гүйцэтгэх захирал Пүрэвсүрэнгийн Наранбаяр

Байгаль орчны яаманд ажиллах хугацаандаа хоёр улсын байгаль орчны салбар дахь хамтын ажиллагааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулахаас гадна Японы олон ном зохиол орчуулан, Шинэ Монгол сургуулийн гүйцэтгэх захиралын хувьд боловсролын салбараар дамжуулан Монгол, Япон хоёр орны харилцааг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан.
・Японд сургууль төгсөгчдийн ЖУГАМО нийгэмлэгийн Гүйцэтгэх захирал Батбаярын Насанбилэг

Японд олж авсан мэргэжил, Япон хэлний чадвараа бүрэн ашиглаж Япон компанийн Монгол дахь суурин төлөөлөгчөөр ажиллахын сацуу анхны Монгол дахь Японы бизнес байгууллагуудын нийгэмлэгийн тэргүүний үүрэгт ажлаа амжилттай гүйцэтгэсэн. Японд сургууль төгсөгчдийн ЖУГАМО нийгэмлэгийн гүйцэтгэх захирлын хувиар Японд суралцаж байсан Монгол залуусын сүлжээг өргөжүүлэн уг нийгэмлэгийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн дэмжиж, хоёр орны эдийн засгийн харилцаа болон Японд суралцагчдийн харилцааг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан.
・"Бридж" ХХК-ны гүйцэтгэх захирал Цэрэнбатын Сэдванчиг

1990 онд Япон улсад суралцаж ирээд Японы ХАЁТ-аар байгуулагдсан Говь компаний инженерээс захирал хүртэл дэвшин ажилласан. Бридж компанийг үүсгэн байгуулсанаараа Японы бараа бүтээгдэхүүнийг Монгол даяар өргөнөөр түгээх эхлэлийг тавьсан. Мөн улс төрч хүний хувьд УИХ-ын гишүүн байх үедээ хоёр орны харилцааг хөгжүүлэхэд хүчин зүтгэх зэргээр хоёр орны харилцан ойлголцол болон эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан юм.
・Монгол-Японы Эдийн засгийн хорооны Гүйцэтгэх захирал Гончигзэвэгийн Тэнгэр

Японд суралцан олж авсан Япон хэлний чадвар болон мэргэжлийн мэдлэг туршлагаа ашиглан, Гадаад хэргийн дэд сайд байхдаа Японы талаарх гүнзгий мэдлэгээ ашиглан Япон, Монголын "Стратегийн түншлэл"-ийг хөгжүүлэн бэхжүүлэхэд хүчин чармайлт гаргасан бөгөөд өнөөдөр Монгол, Японы Эдийн засгийн хорооны гүйцэтгэх захиралын хувиар хоёр орны эдийн засгийн харилцааг дэмжин ажиллаж байна.
・ШУА-ийн Түүх Археологийн хүрээлэнгийн төслийн удирдагч, Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Батмөнхийн Цогтбаатар

Археологийн шинжлэх ухааны салбар дахь хамтарсан судалгаа болон Японы судлаачидтай харилцан олон хамтарсан судалгаа явуулж ирсэн. Археологийн салбарын голлох хүний хувьд хоёр орны эрдэм шинжилгээний харилцаа, Монголын археологийн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулсан.
・ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн захирал Хишигжавын Цогтбаатар

1993 оноос хойш Монгол - Японы хамтарсан үлэг гүрвэлийн экспедицийн Монголын талын ахлагчаар ажилласан бөгөөд өнөөдөр ч мөн хамтарсан судалгаагаа үргэлжлүүлж байна. Түүнчлэн энэ оны 11 сард Азийн үлэг гүрвэлийн холбооны дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон байна. Тэрээр Япон болоод бүс нутгийн палентологийн салбар дахь эрдэм шинжилгээний харилцааг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан.
・ШУА-ийн Түүх Археологийн хүрээлэнгийн захирал Сампилдондовын Чулуун

Дорно дахины түүх судлалд Монголын талын нөлөө бүхий хүний хувьд Юань гүрний түүхээс эхлээд олон сэдвээр хийсэн судалгаагаа идэвхитэй танилцуулж Япон болон гадаадын бусад улс орнуудтай хийсэн хамтарсан судалгаанд хүчин чармайлт гаргаж ирсэн бөгөөд түүний олон бүтээл Япон улсад ч олноор хэвлэгдэн түүхийн салбар дахь хоёр орны эрдэм шинжилгээний харилцааг өргөжүүлэхэд хувь нэмрээ оруулсан билээ.
