Нүүр хуудас>Хоёр улсын харилцаа >

 


/албан бус орчуулга/

Монголын экспортыг нэмэгдүүлэх болон аж үйлдвэрийг төрөлжүүлэхэд чиглэсэн
“Эрч нэмэх” санаачилга

 


Япон улсын Засгийн газар Монголын эдийн засгийг эрчимтэй хөгжүүлэхийн тулд худалдаа, хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлэхийн зэрэгцээ Монголын экспортыг нэмэгдүүлэх, аж үйлдвэрийг төрөлжүүлэх нь туйлын чухал хэмээн дүгнэж байна. Энэхүү дүгнэлтэд үндэслэн Япон улсын Засгийн газар, Монгол улсын Стратегийн түншийн хувьд 2013 оны 3 дугаар сард Ерөнхий сайд Шинзо Абэ Монгол улсад хийсэн айлчлалын үед дэвшүүлсэн “Эрч” санаачилгыг нөхөн гүйцээх доорх дэмжлэгийг үзүүлэхээ илэрхийлэв.

1. Худалдаа, хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлэх


Монголын экспортыг нэмэгдүүлж, аж үйлдвэрийг төрөлжүүлэхийн тулд Монголын худалдаа, хөрөнгө оруулалтын орчныг ил тод, тогтвортой болгон урьдчилан таамаглагдах нөхцөл боломжийг урт, дунд хугацаанд дээшлүүлэх арга хэмжээ авах нь чухал. Энэ үүднээс Япон улсын Засгийн газар дараахи арга хэмжээг авна. Үүнд:

(1) Эдийн засгийн зөвлөх томилон ажиллуулах зэрэг дэмжлэгээр Монголын эдийн засгийн урт, дунд хугацааны бодлого төлөвлөлтийг дэмжих.

(2) Япон, Монголын худалдаа, хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлэхэд чухал хүчин зүйл болох Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр /EPA/ хүчин төгөлдөр болсон тохиолдолд тухайн хэлэлцээрийг Монголд үр дүнтэй ашиглуулахын тулд боловсон хүчин бэлтгэх зэрэг шаардлагатай дэмжлэгийг үзүүлэх.


2. Тэргүүлэх чиглэлийн  аж үйлдвэрийн нэмүү өртөгийг нэмэгдүүлэх

Хөдөө аж ахуй болон уул уурхайн салбар нь Монголын эдийн засгийг тэтгэх тэргүүлэх чиглэлийн салбар мөн. Монголын экспортыг нэмэгдүүлэхийн тулд дээрх салбараас үйлдвэрлэн гаргах бүтээгдэхүүний нэмүү өртөгийг нэмэгдүүлэх шаардлагатай. Үүнтэй холбогдуулан Япон улсын Засгийн газар дараахи арга хэмжээг авч ажиллана. Үүнд:

Хөдөө аж ахуйн салбар

(1) Монголын хүнс, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх зорилгоор “food value chain” буюу хүнсний нэмүү өртгийн гинжин хэлхээний бодлогын хүрээнд хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл боловсруулалтын шатанд халдварт өвчинтэй тэмцэх, хяналт шалгалтын тогтолцоог бэхжүүлэх, эргэлт, маркетингийн шатанд Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэргээр бүхий л шатан дахь нэмүү өртгийг нэмэгдүүлэх арга хэмжээг засгийн газар, хувийн хэвшилийн хамтын ажиллагааны хүрээнд дэмжих.
(2) Дээрх дэмжлэгийн нэг хэсэг болгож мал аж ахуйн мэргэжилтнүүдийн чадавхийг дээшлүүлэх гэх мэт хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр хөдөө аж ахуй эрхлэгчдийн орлогыг нэмэгдүүлэхийг дэмжих.
(3) Сэргээгдэх эрчим хүч /хөрсөн доорх дулаан/-ийг ашигласан цэцэрлэгжүүлэх технологи зэрэг Хоккайдогийн хүйтэн сэрүүн бүсийн технологи болон туршлагыг нэвтрүүлэх хамтын ажиллагаанд тулгуурлан импортоос хамаарал ихтэй хүнсний ногооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх.

 Уул уурхайн салбар

(1) Монголын ашигт малтмалын экспортыг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн хөгжлийн бодлого төлөвлөлт, холбогдох хууль эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгох болон боловсон хүчин бэлтгэхэд  дэмжлэг үзүүлэх.
(2) Усны нөөцөөр хомс Монгол улсад нүүрсийг хуурай аргаар баяжуулах Япон улсын технологийг нэвтрүүлэхэд чиглэсэн судалгаагаар дамжуулан Монголд үйлдвэрлэх нүүрсний чанар болон үнэ цэнийг өсгөхөд дэмжлэг үзүүлэх.
(3) Японы Олон улсын хамтын ажиллагааны банк (JBIC)-ны Экспортын зээлийн шугамыг ашиглаж Монголын хувийн хэвшлийнхэн уул уурхайн техник хэрэгсэл худалдан авах зэрэгт  дэмжлэг үзүүлэх.


3. Шинэ аж үйлдвэрийг бий болгоход чиглэсэн арга хэмжээ

Монгол улсын эдийн засгийг тогтвортой хөгжүүлэхийн тулд Монголын нөөц бололцоог ашиглан аж үйлдвэрийг төрөлжүүлж, уул уурхайн хамаарлаас салах зайлшгүй шаардлагатай юм. Энэ үүднээс Япон улсын Засгийн газар хөдөө аж ахуй, уул уурхайн салбарт үндэслэсэн шинэ аж үйлдвэрийн салбар, мөн аялал жуулчлал, банк санхүү, эрчим хүч болон мэдээллийн технологийн салбар зэргийг голлон доорх арга хэмжээг авна. Үүнд:

(1) 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Токио хотноо Монгол улсын Засгийн газар, Японы Эдийн засгийн байгууллагуудын холбоо /КЭЙДАНРЭН/,  Японы Гадаад худалдааг дэмжих агентлаг /JETRO/-тай хамтран зохион байгуулсан “Монголын бизнес форум” болон “Япон, Монголын бизнес харилцааны чуулга уулзалт”-ыг амжилттай зохион байгуулагдсаныг харгалзан үзэж тэдгээрээс гарсан үр дүнгийн хэрэгжилтийг хангахад шаардлагатай арга хэмжээ авах замаар хоёр орны хувийн хэвшлийн хоорондох бизнесийн харилцааг дэмжих.

(2) Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвөөр дамжуулан Монголын бизнес эрхлэгчдэд Япон маягийн менежментийн арга зүй зэргийг нэвтрүүлэхийн зэрэгцээ Япон улсад суралцах, дадлагажигчдийг хүлээн авсанаар аялал жуулчлал, банк санхүү болон эрчим хүчний салбарыг голчлон Монголд шинэ аж үйлдвэрлэлийг бий болгох, хэдийнэ бий болсон аж үйлдвэрийн түвшинг дээшлүүлэхэд шаардлагатай боловсон хүчин бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх.

(3) Олон улсын байгууллагуудтай хамтран Монголын мэдээллийн технологийн салбараас эхлэн аж үйлдвэрийг хөгжүүлэх, ашигт малтмалаас бусад салбарын үйлдвэрлэлийн бүтээмжийг дээшлүүлэх, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх.


4. Хоёр улсын болон бүс нутгийн  хамтын ажиллагааны тогтолцоог ашиглах

Япон, Монгол хоёр орны эдийн засгийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн тулд хоёр орны төдийгүй бүс нутгийн хамтын ажиллагааны тогтолцоог дээд зэргээр ашиглах нь чухал юм. Энэ үүднээс Японы засгийн газар дараахи арга хэмжээг авна. Үүнд:

(1) ”Япон, Монголын худалдаа, хөрөнгө оруулалт болон эрдэс баялагийн асуудлаарх төр, хувийн хэвшлийн хамтарсан зөвлөлдөх уулзалт”  /7 дахь удаагийн уулзалтыг зохион байгуулахаар зохицуулалт хийж буй/-ын тогтолцоог ашиглан хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалт, ашигт малтмалын ашиглалтыг нэмэгдүүлэх зэргээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх.

(2) Монголын судалгааны байгууллага болон “АСЕАН болон Зүүн Азийн эдийн засгийн судалгааны хүрээлэн” /ERIA/-тэй хамтарсан сургалт, симпозиумыг зохион байгуулж, Монголын судлаачдыг ERIA-д ажиллуулан Монголын экспортыг нэмэгдүүлэх болон аж үйлдвэрийг төрөлжүүлэхэд чиглэгдсэн Монголын Засгийн газар болон ERIA-гийн харилцааг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх.