Embassy of Japan in Mongolia
2020 оны 3 дугаар сарын 12
Буцалтгүй тусламжийн санхүүжилт хийгдэх дээд хязгаар:91,898 ам.доллар буюу 10,108,780 иен
Холбооны тухай:Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо (МХҮХ) нь 1978 онд байгуулагдсан бөгөөд өнөөгийн байдлаар 9000 гишүүнтэйгээр Монгол улс дахь харааны бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалж, тэдний боловсрол болон хөдөлмөр эрхлэлтэд дэмжлэг үзүүлэх зорилготойгоор үйл ажиллагаа явуулж байна. Тус холбооны төв байр Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт, салбар холбоод нь аймаг тус бүрт байдаг. Холбооны төв байр нь 2-5 насны хүүхдийн цэцэрлэг, мэргэжил олгох Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн Төв, ФМ радио станц, массажийн төв, кофе шоп болон брайль сурах бичиг хэвлэл болон брайль хөрвүүлэгийн үйл ажиллагааг голчлон явуулдаг.
Тулгамдсан асуудал:Тус холбоо нь 3 брайль хэвлэлийн машинтай боловч брайль хэвлэлийн эрэлт хэрэгцээ жил ирэх тутам нэмэгдэж, нийт хэрэгцээнийхээ тал хүрэхгүй хувийг л хангах чадвартай болж, хэвлэлийн машинаа нэмэгдүүлэх нэн шаардлагатай байсан юм. Түүнчлэн 3 брайль хэвлэлийн машины нэг нь эвдэрч, засварлах гэж оролдсон боловч хуучирч муудсаны улмаас засварлах боломжгүй болж, үлдсэн хоёр хэвлэлийн машинаа тус бүр 6 болон 11 жил ашиглаж байгаагийн улмаас хэвлэх хурд багасаж бүрэн хүчин чадлаар ажиллах боломжгүйд хүрсэн. Монгол улсын хэмжээнд брайл үсгээр хэвлэдэг байгууллага тус холбооноос өөр байхгүй бөгөөд харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан бүх төрлийн ном, товхимол, гарын авлага, сурах бичиг зэрэг брайль хэвлэлийн материалд хомсдол үүссэн. Монгол Улс дахь 16,800 харааны бэрхшээлтэй иргэдийн 1,200 нь 17-с доош настай иргэд байдаг бөгөөд боловсролын хүртээмж хангалтгүй байсан. Мөн тус холбоонд үсгэн мэдээллийг брайль болгон хувирган харуулах брайль дэлгэц байхгүй учир хэвлэмэл материалын нийлүүлэлт муу байсан.
Тусламжаар авсан брайль дэлгэц
Уг төсөл нь МХҮХ-ны харьяа байгууллагуудад (Брайль хэвлэлийн төв, МСҮТ, Мэдээлэл сургалтын төв, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн оюутан дэмжих төв) брайль төхөөрөмжийг суурилуулснаар Монгол Улс дахь харааны бэрхшээлтэй иргэдийн боловсролын чанар болон нийгмийн халамжийн орчинг сайжруулахад хувь нэмрээ оруулсан болно. Төслийн хүрээнд МХҮХ-д 5 ширхэг брайль хэвлэлийн машин, 5 ширхэг брайль хэвлэлийн машины програм хангамж, 8 ширхэг брайль хэвлэлийн дэлгэцийг хандивлав.
Ашиг тус:Монгол улсын хэмжээнд брайль үсгээр хэвлэдэг байгууллага МХҮХ-оос өөр байхгүй бөгөөд энэ удаагийн буцалтгүй тусламжийн хүрээнд тус холбооны брайл хэвлэлийн чадамж 2 дахин нэмэгдэж, Монгол Улсын харааны бэрхшээлтэй 16,800 иргэдэд үр шимээ өгсөн.
2021 оны 3 дугаар сарын 22
Буцалтгүй тусламжийн санхүүжилт хийгдэх дээд хязгаар:214,762 ам.доллар буюу 23,623,820 иен
Цэцэрлэгийн тухай:Завхан аймгийн Их-Уул сумын цэцэрлэг нь 1963 онд байгуулагдсан бөгөөд одоогийн байдлаар 32 багш ажилтантай (цэцэрлэгийн эрхлэгч, 16-н багш, 15-н ажилтан) , 220-н хүүхэд суралцдаг. 2013 онд ашиглалтанд орсон А блок болон 1985 онд ашиглалтанд орсон Б, В гэсэн 3 блоктой. Уг төслийн хүрээнд засварт орсон В блок нь 50-н хүүхдийн багтаамжтай, 1 давхар, бетон суурьтай, тоосгон өрөлттэй, шувуун нуруун дээвэртэй, 382.06 кв.м талбайтай барилга юм.
Тулгамдсан асуудал:В блок нь ашиглалтад орсноос хойш 35-н жилийн хугацаанд нэг ч удаа их засвар хийгдээгүй бөгөөд 2013 онд аймгийн мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтээр ашиглагдахаа больсон. 2018 онд энэхүү дүгнэлтийн хугацааг сунгаснаар сумын цэцэрлэгт хамрагдах хүсэлтэй хүүхдүүдээ бүрэн хүлээн авч чадалгүй, жил бүр сумын хэмжээнд 50 гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжгүй болоод байсан юм. Барилгын хувьд дээврийн төмрийг зэв идсэнээр нүх гарч, дусаал дусдаг байсан. Дусаал болон олон жилийн ашиглалтын улмаас дотор хананы будаг, эмульс хуурч, хана таазанд мөөгөнцөр үүссэнээс эрүүл ахуйн шаардлага хангагдахгүй орчинд хичээллэдэг байв. Мөн олон жилийн ашиглалтын улмаас шаланд зай завсар гарч, түвшин нь өөрчлөгдөж, хүүхдүүд бүдэрч унах аюултай байсан. Дулааны шугам хоолой, радиаторуудад мөн адил зэвэнд идэгдэж ус алддаг болж, түүнчлэн хангалттай халдаггүйн улмаас өвлийн улиралд ангиудын дотор температур эрс буурч, сурагчдын эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг байсан. Барилга анх баригдахад суурилагдсан агааржуулалтын систем эвдэрсэн учраас бүрэн агаар сэлгэлт явагддаггүйн зэрэгцээ цахилгааны утаснууд масслаж, анги танхимын гэрлийн тал нь асдаг хэдий ч цахилгаан хэрэгсэл ашиглах боломжгүй байсан юм.
Засварын дараа / урд талаас /
Уг төслийн хүрээнд Их-Уул сумын цэцэрлэгийн В блокын дээвэр, гадна, дотор хана, тааз, агааржуулалтын систем, цахилгаан, дулааны шугам зэргийг засварлаж цэцэрлэгийн орчин нөхцөлийг сайжруулсан.
Ашиг тус:Энэхүү төсөл хэрэгжсэнээр тус цэцэрлэгийн сургалтын орчин сайжирч, хамран суралцдаг 220 хүүхэд, 32 багш ажилчид болон засварын дараа шинээр хамран суралцах боломжтой болсон 50 хүүхдэд шууд ашиг тусаа өгсөн.
2019 оны 12 дугаар сарын 13
Буцалтгүй тусламжийн санхүүжилт хийгдэх дээд хязгаар:85,909 ам.доллар буюу 9,449,990 иен
Эмнэлгийн тухай:Дорнод аймаг дахь Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төв (БОЭТ) нь 1926 онд байгуулагдсан нэгдсэн эмнэлэг бөгөөд Монголын Зүүн бүсийн нутагт эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг. Нийт 500 эмч ажилчидтай (их эмч 100, сувилагч тусгай мэргэжилтэн 243, дэмжих үйлчилгээний ажилтан 157), жилийн дундаж амбулаторийн үзлэгийн тоо 140,000, хэвтэн эмчлүүлэгчдийн тоо 11,000 орчим байна. Уг төслийн хүрээнд засварлах БОЭТ-ийн Халдвартын тасаг нь 1978 онд ашиглалтад орсон 2 давхар, олон жилийн эдэлгээний улмаас хүндрэлтэй асуудал ихтэй барилга байсан.
Тулгамдсан асуудал:Тус эмнэлэг нь ашиглалтад орсноос хойш дотор их засвар нэг ч удаа хийгдээгүйн улмаас хана, таазны будаг, плита хуурч, шал нь хаа сайгүй хонхойж, зарим модон цонх, хаалга нь цууралттай байсан. Цахилгааны утаснууд хуучирч муудсаны улмаас эмнэлгийн тоног төхөөрөмжид хүндрэл үүсэж, дулааны хоолой бөглөрснөөс өвлийн улиралд өрөөнүүдийн дотор температур эрс буурдаг байсан. Мөн өвчтөний ор, тарианы автомат шахуурга, хүчилтөрөгч өтгөрүүлэгч дутагдалтай байгаа нь хүнд өвчтөнүүдийг хүлээн авч, эмчлэхэд хүндрэл учруулдаг байсан юм.
Тусламжаар авсан өвчтөний ор
Уг төслийн хүрээнд Хэрлэн сумын БОЭТ-ийн Халдвартын тасгийн дотор засал, сантехник, цахилгаан, дулааны систем зэргийг засварлаж, шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлснээр тус эмнэлгийн эрүүл ахуйн орчин сайжирч, Монгол Улсын зүүн бүсийн нутгийн эрүүл мэндийн үйлчилгээг дээшлүүлэхэд хувь нэмэр болсон.
Ашиг тус:Энэхүү төсөл хэрэгжсэнээр тус эмнэлгийн амбулаториор үйлчлүүлдэг 1,375 иргэд, 27 ажилчдад шууд ашиг тусаа өгсөн. Монгол Улсын зүүн бүсийн нутгийн хэмжээнд Шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан хүнд өвчтөнүүдийг хүлээн авч, тэдгээр өвчтөнүүдэд мэс заслын болон төрөлтийн үйлчилгээ үзүүлдэг тус эмнэлэгт нүдээ олсон засвар болсон.
2020 оны 1 дүгээр сарын 20
Буцалтгүй тусламжийн санхүүжилт хийгдэх дээд хязгаар:81,456 ам.доллар буюу 8,960,160 иен
Цэцэрлэгийн тухай:Налайх дүүргийн 123-р цэцэрлэг нь 1957 онд байгуулагдсан. Цэцэрлэгийн барилга нь 1957 онд ашиглалтанд орсон, 75 хүүхдийн багтаамжтай, бетон суурьтай, тоосгон өрөлттэй, шувуун нуруун дээвэртэй, 2 давхар, 680m2 талбайтай. 210 хүүхэд суралцдаг бөгөөд 22 багш ажилтантай.
Тулгамдсан асуудал:Өвсний үндэс хөтөлбөрт хүсэлт гаргах үед 75 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгт 210 хүүхэд буюу цэцэрлэгийн хүчин чадлаас 3 дахин их хүүхэд суралцдаг байсан. Тиймээс нэг бүлэг 50 гаруй хүүхэдтэйгээр хичээллэж, аюулгүй байдал, сургалтын нөхцөл байдал талаасаа хангалтгүйн зэрэгцээ багшид маш их ачаалалтай байдаг байсан.
Өргөтгөлийн гадна тал
Уг төслийн хүрээнд Налайх дүүргийн 123-р цэцэрлэгт 25 хүүхдийн багтаамжтай 2 бүлгийн өргөтгөл барьж, цэцэрлэгийн сургалтын орчинг сайжруулсан.
Ашиг тус:Энэхүү төсөл хэрэгжсэнээр тус цэцэрлэгийн эрүүл, аюулгүй сургалтын орчин сайжирч, тус цэцэрлэгийн 210 хүүхэд багачууд болон 24 багш ажилчдад шууд ашиг тусаа өгсөн.
2018 оны 3 дугаар сарын 19
Буцалтгүй тусламжийн санхүүжилт хийгдэх дээд хязгаар:85,727 ам.доллар буюу 9,429,970 иен
Дотуур байрны тухай:Архангай аймгийн Тариат сумын Ерөнхий Боловсролын Сургууль (ЕБС) нь 1924 онд байгуулагдсан бөгөөд одоогийн байдлаар 78 багш ажилтантай, 780-н сурагч суралцдаг. Засвар хийгдсэн дотуур байр нь 1997 онд ашиглалтад орсон 876.1кв.м талбай бүхий 151 сурагч, 9 багш ажилтантай байр юм.
Тулгамдсан асуудал:Тус дотуур байр нь ашиглалтад орсноос хойш их засвар хийгдээгүй бөгөөд дотуур байрны дээвэр хуучирч муудсанаас үүссэн нүх, цууралтаас дусаал гоожиж, дотуур байрны хана таазанд чийг татаж хүрээ, мөөгөнцөр үүссэн. Дусаалаас гадна олон жилийн ашиглалтын улмаас барилга нэлэнхийдээ хуучирч муудаж, ханын будаг ховхорч, агааржуулах хоолой бөглөрснөөр өрөөнүүдийн агаар солилцоо муудаж, мөөгөнцөр үүсэх шалтгаан болсон байв. Мөн барилгын гадна талд дулаалга хийгдээгүйгээс өрөөнүүд хүйтэн, цонх болон цонхны тавцангийн орчимд завсар ихтэй, хоёр давхар шилтэй боловч цонх хагарсан түүгээрээ салхи сийгэж байсан. Хаалганууд гажиж, нээж хаахад төвөгтэйгөөс гадна цоожилж болдоггүй болсон, модон шал хуучирч муудсанаас хагарч цуурсан, шатны модон бариул эвдэрснээр хүүхдүүд гэмтэх аюултай байсан, гэрэл чийдэнгүүд дусаалаас үүдсэн ус чийгэнд, мөн хуучирч муудсанаас ламп шатаж буудах эрсдэлтэй байсан юм. Түүнчлэн дотуур байранд бие засах өрөө байхгүйгээс байрны хүүхдүүд өвлийн -40 хэмд гадаа жорлон ашиглаж, бойлуур эвдэрснээс усанд орж чадахгүй, өвлийн улиралд хүйтэн ус ашигласнаар ханиад хүрэх зэрэг эрүүл мэндэд нь сөрөг нөлөө үзүүлж байсан юм.
Засварын дараа, дотуур байрны гадна тал
Уг төслийн хүрээнд Архангай аймгийн Тариат сумын ЕБС-ийн дотуур байрны дээвэр, агааржуулалтын систем, гадна фасад, хана, тааз, цонх, хаалга, шал гэх мэт дотор засал болон цахилгаан гэрлийн шугам, цэвэр болон бохирын шугам зэргийг засварлаж тус байрны сурагч, багш ажилчдын орчин нөхцөлийг сайжруулсан.
Ашиг тус:Энэхүү төсөл хэрэгжсэнээр тус дотуур байрны орчин сайжирч, 151 хүүхэд, 9 багш ажилчдад шууд ашиг тусаа өгсөн.