Япон Улсад зорчих виз мэдүүлгийг хүлээн авах төлөөлөгчийн газар байгуулах тухай

2023/12/4
1. Япон улсад зорчих визний мэдүүлэгтэй холбоотой үйлчилгээг сайжруулах, виз мэдүүлэгчийн тав тух, аюулгүй байдлыг хангах зорилгоор виз мэдүүлгийг хүлээн авах ажлыг Японы Элчин сайдын яамнаас итгэмжлэгдсэн “VFS Global” төвөөр гүйцэтгүүлэх боллоо. Японы виз мэдүүлэх “JVAC” төв нь албан ёсоор байгуулагдаж 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс үйл ажиллагаагаа эхлүүлнэ. 

2. Энэхүү виз мэдүүлгийн төвд дипломат, албан ажил, засгийн газрын шугамаар зорчих, хүмүүнлэгийн чанартай яаралтай зорчих визний мэдүүлгээс бусад (*1) бүх төрлийн визний мэдүүлгийг хүлээн авч, олголт хийх бөгөөд виз мэдүүлэгтэй холбоотой асуултад тайлбар хийх болно. Иймд тус төвд хүлээн авах визний мэдүүлэг, цаг товлох, эдгээрээс бусад зүйлтэй холбоотой тодруулах зүйл гарвал “VFS Global” төвтэй доорх холбоо барих хаягаар холбогдоно уу. 

   1) Цахим хуудас: https://visa.vfsglobal.com/mng/en/jpn
   2) Утас: +976–70114448/ 70114449
   3) И-мэйл хаяг: info.jpmn@vfsglobal.com
   4) Хаяг: 3rd floor, DHL House, 1st Khoroo, Peace Avenue 10/5, Ulaanbaatar - 14210, Mongolia

3. Дипломат, албан ажил, Засгийн газрын шугамаар, хүмүүнлэгийн чанартай яаралтай виз мэдүүлгийг Элчин сайдын яаманд шууд хүлээн авах бөгөөд доорх холбоо барих хаягаар урьдчилан мэдэгдэж, виз мэдүүлэх хүсэлтээ гаргах шаардлагатай.
   Утас: (+976) 11-320777
   И-мэйл хаяг: consul-section1@ul.mofa.go.jp

4. Визний хариу олгох хугацаа
 Виз мэдүүлгийн хариуг “JVAC” төв дээр хүлээж авснаас хойш нийт ажлын 5 хоногт багтаан шийдвэрлэнэ. Хэрэв виз мэдүүлгийн бичиг баримт дутуу хангалтгүй бол шаардлагатай бичиг баримт бүрдтэл тухайн виз мэдүүлгийг ЭСЯ-д хүлээн авах боломжгүй юм. Иймд визний хариу товлосон хугацаанаас хойшлогдохыг анхаарна уу. Мөн шаардлагатай нөхцөлд зарим нэгэн виз мэдүүлгийн хянан шийдвэрлэхэд 1-2 сарын хугацаа шаардагдах магадлалтай.  

5. Албан бусаар виз мэдүүлгийн материал хүлээн авах газруудын анхааралд “VFS Global” төв нь Японы ЭСЯ-аас албан ёсоор итгэмжлэгдсэн цорын ганц виз мэдүүлэг хүлээн авах төв юм. Японы Элчин сайдын яам болон “VFS Global” төв нь нийгмийн сүлжээгээр виз мэдүүлгийн үйлчилгээ үзүүлдэг газруудтай ямар нэгэн байдлаар хамтарч ажилладаггүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна. Мөн эдгээр албан бус газруудаар үйлчлүүлсний улмаас үүссэн хохирол, хариуцлагыг Японы ЭСЯ болон “VFS Global” төв хүлээхгүй болно.
 
Тайлбар
Дипломат зорилгоор зорчих визний мэдүүлэг: Дипломат паспорт эзэмшигч (гуравдагч орны иргэнд хамаарна)-ийн виз мэдүүлэг
Албан ажлаар зорчих визний мэдүүлэг: Монгол Улсын төрийн байгууллагаас албан ажлаар зорчих мөн Японы төрийн байгууллагын урилгаар зорчих 
Засгийн газрын шугамаар зорчих визний мэдүүлэг: Японы Засгийн газрын шугамаар зорчих  (Засгийн газрын тэтгэлэгт оюутнууд гэх мэт) визний мэдүүлэг
Хүмүүнлэгийн чанартай яаралтай зорчих визний мэдүүлэг: Хүний амь настай холбоотой  яаралтай олгох шаардлагатай визний мэдүүлэг.