Нүүр хуудас>Шинэ Мэдээ, Мэдээлэл

2009 оны “Өвсний үндэс” буцалтгүй тусламжийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих “Баянхонгор аймгийн Бууцагаан сумын эмнэлгийн засварын төсөл” болон “Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар сургуулийн засварын төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурах ёслол боллоо


10-р сарын 16-ны өдөр, Монгол Улс дахь Япон Улсын Элчин Сайдын яаманд Элчин сайд Т.Кидокоро болон Баянхонгор Аймгийн Засаг Дарга Д.Амарсанаа, Өмнөговь Аймгийн Засаг Дарга Б.Бадраа нар Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх Баянхонгор аймгийн Бууцагаан сумын эмнэлгийн засварын төсөл” болон “Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар сургуулийн засварын төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурлаа. Уг төсөлд нийт 168,869 ам.доллар буюу ойролцоогоор 241,100,000 төгрөгийн санхүүгийн тусламж үзүүлж байгаа болно.

Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс” хөтөлбөр нь ялангуяа энгийн ард иргэдэд чиглэсэн нийгмийн халамжийн салбарт түлхүү анхаардаг бөгөөд орон нутаг дахь нийтийн аж ахуйг сайжруулснаар нийгэм, эдийн засгийг тэнцвэртэй хөгжүүлэх зорилготой ажилладаг юм.

Өнөөдөр гарын үсэг зурсан 2 төслийн 1 нь боловсролын байгууллагын орчинг сайжруулахад чиглэгдсэн бөгөөд нөгөө 1 нь орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын орчинг сайжруулах төсөл юм. Эдгээр төслийн аль аль нь боловсрол, эрүүл мэнд гэсэн хүний амьдралд нэн тэргүүнд тавигдах амьдралын үндсэн салбар дээрх хэрэгцээ шаардлагыг хангаж байгаа болно.

Энэ жил, одоогийн байдлаар өнөөдөр гарын үсэг зурсан хоёр төслийг оролцуулаад нийт 12 төсөлд 988,907 ам.долларын буцалтгүй тусламжийг үзүүлж байна. Түүний дотор Эрүүл мэндийн салбарт 1 төсөл, ЕБС-д 6-н төсөл хэрэгжээд байна.

“Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар сургуулийн засварын төсөл”-ийг НҮБ-ын хүүхдийн сангийн туслалцаатайгаар хэрэгжүүлж байгаа юм. Энэ нь тус улсад ажиллаж буй донор орнууд ба байгууллагууд хоорондын найрсаг сайн харилцаанд тулгуурласан хамтын ажиллагааны нэг жишээ бөгөөд цаашид ч доноруудын хамтын ажиллагааны дүнд тус улсад үзүүлэх тусламжийг улам бүр үр дүнтэй болгох шаардлагатай байна.

Энэ удаагийн гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд оролцсон Баянхонгор аймгийн засаг дарга Д.Амарсанаа “Өнөөдөр төслийн гэрээнд гарын үсэг зурснаар Бууцагаан сумын хамгийн тулгамдсан асуудал шийдвэрлэгдэж байгаа бөгөөд энэхүү төсөл хэрэгжих болсонд туйлын баяртай байна.” хэмээн талархлын үг хэлсэн бөгөөд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар сургуулийн захирал Адилбиш “Боловсролын салбарт тусламж үзүүлж байгаад сурагчид, тэдний эцэг эх мөн багш сурган хүмүүжүүлэгч нарыг төлөөлөн талархлаа илэрхийлье.” хэмээсэн юм.

Мөн элчин сайд Т.Кидокоро уг төслийн талаар “Эдгээр төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэнээр, Монгол улсын боловсролын болон эрүүл мэндийн орчин, үйлчилгээ сайжран улмаар Монгол улсын цаашдын эдийн засгийн хөгжилд хувь нэмэр болно хэмээн найдаж байна.” хэмээн үг хэллээ.