2009 оны “Өвсний үндэс” буцалтгүй тусламжийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих “Увс аймгийн Бөхмөрөн сумын ЕБС-ийн хичээлийн байрны их засварын төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурах ёслол боллоо

9-р сарын 18-ны өдөр, Монгол Улс дахь Япон Улсын Элчин Сайдын яаманд Япон Улсаас Монгол Улсад суугаа бүрэн эрхт Элчин сайд Кидокоро Такүо болон Увс аймгийн засаг дарга Э.Цасчихэр нар Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх "Увс аймгийн Бөхмөрөн сумын ЕБС-ийн хичээлийн байрны их засварын төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурлаа. Уг төсөлд нийт 85,021 ам.доллар буюу ойролцоогоор 121,400,000 төгрөгийн санхүүгийн тусламж үзүүлж байгаа болно. Уг гарын үсэг зурах ёслолд Боловсрол соёл шинжлэх ухааны дэд сайд Ч.Куланда оролцлоо.
Өнөөгийн Монгол улс нь зах зээлийн эдийн засгийн хүнд үеийг даван туулсан хэдий ч, хөрөнгийн эх үүсвэрийн хомсдолоос шалтгаалан шаардлагатай засварын ажлыг бүрэн гүйцэд хийж чадаагүй улмаас багш сурагчдын боловсролын орчин нь бүрдээгүй байгаа боловсролын байгууллагууд цөөнгүй байна. Тухайлбал Увс аймгийн Бөхмөрөн сумын сургууль нь ийм боловсролын орчны хүндрэлтэй тулгараад байгаа юм.
Элчин сайд Т.Кидокоро сайд уг төслийн талаар дараах үгийг хэллээ. “Япон Улсын Засгийн газар суурь боловсролоор дамжуулан хүний нөөцийг хөгжүүлэхийг чухалчилдаг. Иймэрхүү төсөл хэрэгжсэнээр Монгол Улсыг хөгжүүлэх боловсон хүчин хөдөө орон нутгаас ч олноор төрөн гараасай хэмээн хүсч байна.”
Мөн Увс аймгийн засаг дарга Цасчихэр “Өнөөдөр төслийн гэрээнд гарын үсэг зурснаар Бөхмөрөн сумын хамгийн тулгамдсан асуудал шийдвэрлэгдэж байгаа бөгөөд энэхүү төсөл хэрэгжих болсон явдалд туйлын баяртай байна. Энэхүү засварын ажлыг цагт нь дуусган, чанарын өндөр төвшинд засварлагдсан сургуулийг бий болгохын тулд Увс аймгийн засаг даргын хувьд хичээн ажиллах болно.” хэмээн талархлаа илэрхийлсэн юм.
2009 оны хувьд, өнөөдөр гарын үсэг зурсан нэг төслийг оролцуулаад одоогийн байдлаар нийт 10-н төсөлд 820,038 долларын буцалтгүй тусламжийг үзүүлсэн байна. Түүний дотор ЕБС-тай холбоотой 5-н төсөл хэрэгжээд байна. Японы засгийн газрын зүгээс цаашид ч Монгол улсын хөгжилд хувь нэмрээ оруулахыг гүнээ их хүсч байна.

