Нүүр хуудас>Шинэ Мэдээ, Мэдээлэл

"Хэнтий Аймагийн Аврагын Балгасын хамгаалалтын хашаа барих төсөл"-ийн хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа, "Монгол-Японы Археологчдын хамтын ажиллагаа" сэдэвт лекц боллоо.


Шинээр баригдсан хамгаалалтын хашаа
Хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа (Элчин сайд Ичихаши, Засаг дарга Жаргал нар тууз хайчилж байгаа нь)
Нийгатагийн Их сургуулийн профессор Ширайишигийн лекц
1. "Хэнтий Аймагийн Аврагын Балгасын хамгаалалтын хашаа барих төсөл"-ийн хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа
2006 оны Японы санхүүгийн жилийн Соёлын Өвсний Үндэс Буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжсэн "Хэнтий Аймагийн Аврагын Балгасын хамгаалалтын хашаа барих төсөл"-ийн Аврагын Балгасын хамгаалалтын хашаа баригдаж дууссантай холбогдуулж 2007 оны 6 дугаар сарын 9-нд хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа боллоо.
Аврагын Балгас нь Чингис хаан, Өгөөдэй хааны орд өргөө байсан бөгөөд дараа нь их хаадын сүнс сүлдийг тахих тахилын сүм болгон ашиглаж байсныг Япон Монголын эрдэмтдийн хамтарсан судалгаагаар тогтоосон билээ. Монгол үндэстний гарал үүслийн өлгий нутаг гэж хэлж болохуйц энэхүү үнэт түүхийн дурсгалт газрыг мал, машин тэрэг эвдлэн сүйтгэх аюул нүүрлээд байсан. Монгол Улсын тулгар төр байгуулагдсаны 800 жилийн ойн жил болох 2006 онд Хэнтий аймгийн засаг дарга Жаргалаас Соёлын Өвсний Үндэс буцалтгүй тусламжийн хүрээнд энэхүү түүхийн дурсгалт газрыг хамгаалах хашаа барихад шаардлагатай хөрөнгийг гаргаж өгөхийг хүссэн бөгөөд Япон Улсын Засгийн газар дэлхийд ч өндөрөөр үнэлэгдэх уг түүхийн дурсгалт газрыг хамгаалахад хувь нэмрээ оруулах нь зүйтэй хэмээн үзэж энэхүү төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн билээ.
Уг төслөөр нийт 3 км орчим урттай хамгаалалтын хашааг барьсан бөгөөд ингэснээр цаашид энэ бүс нутгийн түүхийн дурсгалт газрыг хамгаалах, судлах ажил улам эрчимжинэ гэдэгт найдаж байна.

2. "Монгол-Японы Археологчдын хамтын ажиллагаа" сэдэвт лекц
Хэнтий аймагт Соёлын Өвсний Үндэс буцалтгүй тусламжаар хамгаалалтын хашаа барьсан Аврагын Балгасаас өгсүүлэн Чингис хаантай холбоо бүхий олон түүхийн дурсгалт газрууд байдаг.
2007 оны 6 дугаар сарын 10-нд Хэнтий аймгийн төв Өндөрхаан суманд Монгол дахь "Японы жил"-ийн албан ёсны арга хэмжээний хүрээнд Япон Монголын археологчдын хамтарсан судалгаа болон Монголын соёлын өвийг хамгаалахад чиглэгдсэн Япон Улсын хамтын ажиллагааны үр дүнг олон түмэнд танилцуулах зорилгоор "Монгол-Японы Археологчдын хамтын ажиллагаа" сэдэвт лекц зохион байгууллаа.
Лекцэд Япон Улсын Нийгатагийн Их сургуулийн профессор Ширайиши, Монгол Улсын Археологийн Хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Цогтбаатар, ЮНЭСКО-гийн Монголын Үндэсний Комиссийн Ерөнхий нарийн бичгийн дарга Уртнасан зэрэг хүмүүс оролцож Аврагын балгастай холбогдсон хамтарсан судалгааны үр дүн, түүхийн дурсгалт газрыг хадгалж хамгаалахын ач холбогдол зэргийг ирсэн хүмүүст ойлгомжтой тайлбарлаж өглөө.