Нүүр хуудасЯпон, Монгол хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой>"Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах" хөтөлбөрийн 400 дахь төслийн ойн арга хэмжээ зохион байгууллаа.

Япон, Монгол хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой, "Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах" хөтөлбөрийн 400 дахь төслийн ойн арга хэмжээ зохион байгууллаа

   6-ны өдөр, Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Такэнори ШИМИЗҮ-гийн зохион байгуулсан Япон, Монгол хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой, "Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах" хөтөлбөрийн 400 дахь төслийн ойн ёслолын арга хэмжээ Элчин сайдын өргөөнд болов.


   Тус арга хэмжээний үеэр, шинээр хэрэгжих 4 төслийн* холбогдох баримт бичгүүдэд гарын үсэг зурагдсан ба эдгээр төслийг оролцуулаад Монгол дахь "Өвсний үндэс" хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих төсөл 1990 оноос хойших нийт дүнгээрээ 400-д хүрлээ.


   "Өвсний үндэс" хөтөлбөр нь хөгжиж буй орнуудын амьдралын наад захын хэрэгцээ шаардлагад шууд сайнаар нөлөөлөхүйц нарийн тооцолсон тусламжийг хэрэгжүүлэхэд чиглэсэн хөтөлбөр юм. Тус төсөл нь, сургууль, цэцэрлэг, эмнэлэг амбулатори болон худаг усны байгууламж зэрэг энгийн иргэдэд нэн тэргүүнд шаардлагатай наад захын амьдралын орчин нөхцөлийг сайжруулахад чиглэсэн Японы Засгийн газраас явуулж буй үйл ажиллагааны нэг гэдгээрээ Монгол улсад танигдсан.


   Тус арга хэмжээнд Монгол улсын Засгийн газрыг төлөөлж, Гадаад харилцааны дэд сайд Г.Тэнгэр, Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны дэд сайд Б.Ундармаа нар оролцсоноос гадна өнөөдрийг хүртэл "Өвсний үндэс" хөтөлбөр хэрэгжсэн орон нутгийн засаг захиргаа, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, ТББ зэргийн төлөөлөл оролцлоо.


   Өвөлдөө -40 хэмээс илүү хүйтэрч буй цаг агаарын байдлаас ч үл хамааран Монгол орны алс баруун хязгаар Баян-Өлгий аймаг (Улаанбаатар хотоос 1800 орчим км хол зайтай)-аас зүүн хязгаарын Дорнод аймаг (Улаанбаатар хотоос 700 орчим км хол зайтай) хүртэлх хөдөө орон нутгаас ирсэн хүмүүс нийт оролцогчдын талаас илүү хувийг эзэлж байсан ба "Өвсний үндэс" хөтөлбөрийн үр дүнд Япон, Монгол хоёр орны харилцаа Монгол орон даяар улам өргөжин хөгжиж байгааг харуулсан юм.


   Мөн, тус арга хэмжээний үеэр, танилцуулах булан нээгдэж, "Өвсний үндэс" хөтөлбөрийн үр дүн, ач холбогдлыг танилцуулсан фото зураг, статистик тоо баримт, төслийн үр шимийг хүртсэн орон нутаг, байгууллагуудаас ирүүлсэн талархал зэрэг үзүүлэнгүүд тавигдав*.


   Энэ жил бол Япон, Монгол хоёр орны хооронд 1972 онд Дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиосон тэмдэглэлт ойн жил юм. "Өвсний үндэс" хөтөлбөрийн хүрээнд хэрэгжсэн төслийн тоо 400-д хүрсэн нь хоёр орны хоорондын харилцаа улам бэхжсэнийг харуулж буйн нэгэн илрэл бөгөөд энэ нь хоёр орны харилцаа амжилттай хөгжиж ирснийг ч бас давхар илэрхийлж байгаа юм.


   Япон улсын Засгийн газрын хувьд, энэхүү тэмдэглэлт ойн жилийг "Стратегийн түншлэл" –ээ тодорхой болгоход чиглэсэн манай хоёр орны харилцааг улам эрчимжүүлэх боломж гэж ойлгон, хоёр орон үргэлжлүүлэн нягт хамтран ажиллаж, салбар тус бүрийн үйл ажиллагааг улам бэхжүүлэхээр төлөвлөж байна.


   *6-ны өдөр гарын үсэг зурсан 4 төсөл (хаалтан доторх тоо бол тухайн төсөлд олгосон санхүүжилтийн дээд хэмжээ)

  • Улаанбаатар хотын Нэгдсэн 3-р эмнэлгийн хүлээн авах, яаралтай тусламжийн тасгийн их засварын төсөл (99.843$)
  • Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 134-р цэцэрлэгийн их засварын төсөл (99.071$)
  • Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын сургуулийн дотуур байрны барилга барих төсөл (109.281$)
  • Улаанбаатар хотын "Байгаль-Эх" лицей ахлах сургуулийн барилгын өргөтгөлийн төсөл (99.545$)

  • * Үзүүлэнгүүдийг 2-р сарын 8-наас 14-ний өдрүүдэд Монгол - Японы төвд байрлуулж олон нийтэд танилцуулахаар төлөвлөж байна.


    Ёслолын арга хэмжээний үеэр


    Улаанбаатар хотын Нэгдсэн 3-р эмнэлгийн хүлээн авах, яаралтай тусламжийн тасгийн их засварын төсөл


    Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 134-р цэцэрлэгийн их засварын төсөл


    Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын сургуулийн дотуур байрны барилга барих төсөл


    Улаанбаатар хотын "Байгаль-Эх" лицей ахлах сургуулийн барилгын өргөтгөлийн төсөл


    Гадаад харилцааны дэд сайд Г.Тэнгэр мэндчилгээ дэвшүүлэв.


    Үзүүлэн байрлуулсан өрөөний байдал


    Монголын өнцөг булан бүрээс ирсэн талархлын захидал, бичгүүд