“Анд нөхдийн барилдлагыг бэхжүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд
Японы их сургуулийн 30 оюутан Монголд ирлээ.
Япон улсын Засгийн газар энэ санхүүгийн жил /2012 оны 4 сараас 2013 оны 3 сар/-д Ази, Номхон далай болон Хойд Америкийн 41 орон ба бүс нутгийн хүүхэд залуус болон Японы Зүүн хойд бүс нутагт болсон хүчтэй газар хөдлөлтөд өртсөн бүс нутгийн хүүхэд залуусын хооронд найрсан харилцаа тогтоох зорилго бүхий “Анд нөхдийн барилдлагыг бэхжүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүллээ. Монгол улсаас энэхүү хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн 11 сараас 2 сарыг хүртэлх хугацаанд нийт 215 сурагч оюутнууд Японд айлчилж, газар хөдлөлтөөс хойш 2 жил гаран өнгөрч байгаа энэ хугацаанд тасралтгүй сэргээн босголтын ажлыг хийж буйг нүдээр үзэхийн зэрэгцээ, тухайн орон нутгийн оюутан сурагчидтай танилцан, тэдний сургуульд зочлох, Япон айлд хонох, гамшигтай тэмцэх асуудлаархи сургалтанд хамрагдах зэрэг олон төрлийн арга хэмжээнд оролцсон билээ.

3 сарын 13-наас 22-н хүртэл гамшигт өртсөн газар болох Мияги болон Фүкүшима мужийн 6 их сургуулийн 30 оюутан Монголд ирсэн бөгөөд 14-ны өдөр Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яаманд зочилж Элчин сайд Такэнори Шимизү-тэй уулзаж мэндчилгээ дэвшүүллээ. Мөн Японы Зүүн хойд бүс нутагт суралцаж байсан бөгөөд Монголд ирээд Улаанбаатар хотод Японы сургалттай “Шинэ Монгол” ахлах дунд сургуулийг байгуулсан Ж. Галбадрах багшаас газар хөдлөлтийн дараа Мияаги мужид хийсэн тусламжийн үйл ажиллагааны тухай тайлбар хийлээ. Түүний дааа оюутнууд 2 жилийн өмнө Японы Зүүн хойд бүс нутагт болсон газар хөдлөлтийн үеэр Монголын ард түмнээс илгээсэн их хэмжээний тусламжийн тухай Монголын Улаан загалмайн нийгэмлэг болон ноолуурын үйлдвэр зэрэг холбогдох байгууллагын хүмүүстэй уулзаж ярилцлаа. Мөн, Монголын 4 их сургууль (МУИС, ХУИХ, МУБИС, ОТИС)-д айлчилж, үетэнгийн оюутан залуусад гамшиг болсон үеийн байдал болон түүний дараах сэргээн босголтын нөхцөл байдал, гамшигаас олж авсан сургамж зэргийн талаарх танилцуулгыг явуулав. Оюутнууд дээрх сургуулиудын оюутны гэрт хонож, залуус хоорондын харилцааг гүнзгийрүүлснээс гадна, орон нутагт айлчилж Монголын аугаа их байгаль болон малчин айлын уламжлалт амьдралтай биеээр танилцлаа.
Өнгөрсөн жилийн 2 сараас энэ оны эх хүртэл Япон болон Монгол хоёр улс анх 1972 оны 2 сард дипломат харилцаа тогтоосноос хойш 40 жил хэмээх тэмдэглэлт ойтойгоо золгосон бөгөөд энэхүү ойн хүрээнд Засгийн газрын дээд хэмжээний харилцан айлчлал болон соёл, спортын олон арга хэмжээг зохион байгуулж ирлээ. Тэр дундаа Монголоос Япон руу айлчилсан групп зэргийг оролцуулаад нийт 250 хүн гэх өнөөг хүртэл хамгийн олон тооны хүүхэд, залуусын харилцааны энэ хөтөлбөр нь хоёр улсын харилцааг улам их хөгжүүлэх суурь болох Япон орны тухай ойлголтыг дээшлүүлхэд ихээхэн хувь нэмэр оруулсан юм.

